“Хууль зүйн ойлгомжгүй байдал” үүссэн гэх нэрийдлээр УИХ-ын гишүүд хүссэнээрээ гэмт хэрэг үйлдэж болох нь ээ, Ц.Нямдоржоо
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсантай холбоотойгоор бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өнгөрсөн Баасан гарагт гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцсэн юм. Уг хорооны шийдвэрийн талаар УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж : "Үндсэн будлиан бол юун дээр байгаа юм байна. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан гараад тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг 6.9-ийн 1 гэж заалт байсныг хүчингүй болгоод хаячихсан. Тэрийг хүчингүй болгож хаясан тохиолдолд УИХ-аас түүнтэй холбогдуулаад өөрчлөлтүүд хийгдэх ёстой. Тэр өөрчлөлтүүд нь хийгдээгүй.Тэгээд энэнээс үүдэлтэй хууль зүйн ойлгомжгүй, төвөгтэй байдал бодитойгоор үүссэн байна. Хууль зүйн байдал нь ойлгомжгүй байхад прокурорын саналыг хэлэлцэж болохгүй юм байна.” гэх тун ойлгомжгүй хариултыг өгсөн ба уг асуудал ийнхүү гацаад буй билээ. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийх үеэрээ ч уг асуудлын талаар "Би хуульч хүн биш болохоор сайн мэдэхгүй байна” гэж мэлзэв. Ийнхүү УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах санал гаргасан ч энэ нь шийдэгдэлгүй 86 цаг хэдийн болжээ.