ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

0
Өндөр албан тушаалтан болон хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас зээл олгохгүй

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгө өндөр албан тушаалтнуудын халаасанд орсон нь илэрч багагүй шуугиан тарьсан. Өнгөрсөн онд ЖДҮХС-гаас зээл авахаар  1544 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргаснаас 216-д нь зээл олгосон байдаг. Үүний дунд төрийн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан зээл цөөнгүй байгааг АТГ шалгаж буй. Шалгалтаар 70 гаруй төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаснаас 10 гаруй материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаах прокурорын тогтоол гарсан байна.

Энэ дунд ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж үзэж есөн албан тушаалтныг шалгасан бол гурвыг нь яллагдагчаар татжээ. АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая төгрөг битүүмжилж нөхөн төлүүлсэн байна. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж олгуулжээ. Тэгвэл ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэлтэй хүмүүс нь авдаг энэхүү байдал нь хууль журам тодорхойгүй, нарийн зохицуулалтгүй, замбараагүй явж ирснийх гэж АТГ-аас дүгнээд байгаа юм. Тиймээс АТГ зэрэг холбогдох байгууллагуудын саналыг тусгаж журмыг нь шинээр боловсруулжээ. Шинэ журмын гол өөрчлөлт нь өмнөх алдаа завхралыг давтахгүйн тулд төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй. Үүнд,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайдууд, яам, агентлагийн дарга нар, аймаг, сум, орон нутгийн Засаг дарга нар гэж тодорхой тусгажээ. Энэ талаар өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өгөхдөө "ЖДҮХС-гийн зээл тодорхой хугацаанд саатаж хүлээлгийн горимд орсон. Олон алдаа дутагдал гарсан тул  журмыг өөрчиллөө. Ойрын хугацаанд шинэчилсэн журмынхаа дагуу ЖДҮХС-аас зээл олгоно. Шинэ журам батлагдсанаар хэд хэдэн зарчмын тодорхой асуудал шийдэгдсэн. Төслийг арилжааны банк болон ЖДҮХС-гаар дамжуулан олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийнэ. Ингэж үнэлгээ хийсний дараа хянаж, зээл олгоно. ХХААХҮ-ийн сайд зээл олгодог байсныг болиулсан” гэв.

Энэ оны төсөвт ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг төсөвлөжээ. Шинэчилсэн журмаар энэ сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авах юм байна.  Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Харин өмнөх жилүүдэд зээлийн дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байсныг нэг тэрбум төгрөг болгож бууруулсныг тус яамны ЖДҮ, хоршооны бодлогыг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэв.


ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  • Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  • Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй долоон гишүүний дөрөв нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  • Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  • Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  • Дээд хэмжээ – ЖДҮХС нэг тэрбум хүртэлх

Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх

Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая

Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх байх ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.Уянга


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.