Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн анхны мэтгэлцээн эхэлжээ
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгч улс төрчдийн телевизийн анхны мэтгэлцээн Флорида муж улсын Майами хотод эхэлжээ. Мэтгэлцээнийг телевизийн "NBC”, "MSNBC” болон "Telemundo” сувгууд шууд дамжуулан үзүүлж байгаа аж.
Мэтгэлцээн Майами хотын соёлын төвд хоёр үе шаттайгаар явагдаж байна. Мэтгэлцээний үеэр өрсөлдөгчдөд асуултад хариулах нэг минутын хугацаа өгч байгаагаас гадна нэмж тодруулах асуултад хариулах 30 секундийн хугацааг олгож байгаа аж. Телевизийн анхны мэтгэлцээний үеэр өрсөлдөгчид татвар, эрүүл мэнд, боловсрол, цагаачлал, экологитой холбоотой асуудлуудад гол анхаарлаа хандуулна гэж үзэж байна.
Телевизийн мэтгэлцээн нь орон даяар үзэгчдийн өмнө гарах анхны боломжийг олгож байгаа бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл заалтуудыг танилцуулж, бусад өрсөлдөгчөөсөө товойж гарах боломжийг олгох юм хэмээн "CNN” телевиз мэдээлсэн байна. Анхны мэтгэлцээн нь сонгогчдоос авах дэмжлэгийг нэмэгдүүлэх бөгөөд оролцогчдод тавигдах шаардлага цаашид чангарах аж
Өнгөрсөн лхагва гарагийн оройн мэтгэлцээнд Нью-Йорк хотын дарга Билл де Блазио, Охайо муж улсын Конгрессын гишүүнТим Райан, Сан-Антонио хотын дарга асан Жулиан Кастро, Нью-Жерси муж улсын сенатч Кори Букер, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен, Техас муж улсын Конгрессын гишүүн асан Бето О'Рурк, Миннесота муж улсын сенатч Эми Клобушар, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбард, Вашингтон муж улсын амбан захирагч Жей Инсли, Мэриленд муж улсын Конгрессын гишүүн асан Жон Дилени нар оролцсон бөгөөд одоогоор Уоррен бусдаасаа илүү дэмжлэг аваад байгаа аж.
Ардчилсан намын Үндэсний хороо Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн дунд телевизийн нийт 12 мэтгэлцээн явуулахаар төлөвлөсөн байна. АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох юм.