Э.Содномпилжээ: Бэлтгэлийнхээ үеэр 260 кг шахаж байсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Нур-Султан хотод энэ сарын 11-21-нд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 107 кг-ийн жинд 247 кг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн МУГТ Э.Содномпилжээ өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.
Энэ үеэр тэрбээр, "Бэлтгэл хийх үедээ, цээжин дээрээ 260 кг шахаж байсан. Тэмцээний үеэр, энэ байдал өөрдчлөгддөг. Учир нь дараагийн тэмцээнд оролцохдоо өөрийн чадлаа нөөцлөх тактик юм. Ирэх 2020 оны Токиогийн олимпод хамаг хүчээ гарган оролцох болно" хэмээв.
МУГТ Э.Содномпилжээ өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан юм.
Монголын Пауэрлиптингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны нарийн бичгийн дарга Д.Баттулга, "Олимпын дараа ордог том тэмцээнд Э.Содномпилжээ маань түрүүлж, дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулан шинэчиллээ. Дээд зэрэглэлийн тамирчид өрсөлдссөн ширүүн тэмцээн болсон" гэв.
Тус тэмцээний 80 кг-ийн жинд Монгол Улсаас оролцсон тамирчин Г.Ган-Эрдэнэ 38 орны тамирчдаас 28 дугаар байрт шалгарсан юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл байхгүй байна.