М.МӨНХГЭРЭЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын "Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ.
Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон "Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, "Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв.
Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.
М.Мөнхгэрэл өчигдөр тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, 1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр харамсалтай ялагдсан.
Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж 6:6-гаар ялснаар өсвөр үеийн ДАШТий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна.
Тэрбээр сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхэж, Монголын багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчрав.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл байхгүй байна.