Борис Жонсон ба Брекситийн хатуу хувилбар

0
Долоо хоногийн өмнө Их Британийн 77 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Борис Жонсон тэргүүтэй засгийн газар гэрээ байгуулалгүйгээр улс орноо Европын Холбооноос гаргахаар /хатуу Брексит/ хатуу шийдсэн бололтой. Шинэ Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө сайд нарын тусгай бүлэг байгуулж, хатуу Брекситэд эрчимтэй бэлтгэх, 10 дугаар сарын 31 гэхэд боломжит бүхий л аргыг хэрэглэн Их Британийг ЕХ-ноос гаргасан байх ёстой гэсэн үүргийг сайд нартаа өгсөн тухай Гадаад хэргийн сайд Доминик Рааб ярьсан байна. Дашрамд дурдахад, Д.Рааб бол өмнөх Т.Мэйгийн засгийн газарт Брекситийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан хүн юм.
 
Жонсоны төлөвлөж байгаагаар бол, гэрээ байгуулалгүйгээр ЕХ-ноос гарах нь зөв зүйтэй алхам мөн гэдгийг иргэдэд таниулан ойлгуулахын тулд 100 сая фунт стерлингийн өртөг бүхий сурталчилгааны кампанит ажил явуулах гэж байгаа аж. Мөн ойрын үед "хатуу Брексит" хийхэд бэлтгэхийн тулд зарцуулах хөрөнгө мөнгөний тооцоог олон нийтэд танилцуулах гэнэ.
 
Үүнд нийтдээ 1 тэрбум фунт стерлинг зарцуулахаар төлөвлөж байгаагаас 10 хувь нь сурталчилгаанд зориулагдахаар байна.
  Сайд Д.Рааб мэдэгдэхдээ "ЕХ-ны түншүүдтэйгээ бид маш сайн гэрээ байгуулахыг хүсч байна, үүний тулд Ирландын бэкстопын асуудлыг цуцлах хэрэгтэй” гэлээ. Ирландын бэкстоп гэдгийг товчхон тайлбарлаваас, энэ бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс ба Их Британийн бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарах гэж буй Умард Ирландын хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал байсан бөгөөд уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.  Учир нь, хоёр Ирландын хооронд "хатуу хил хязгаар” тогтоож заагласан тохиолдолд тэдгээрийн нутаг дэвсгэрт гаалийн өөр өөр дүрэм журмууд үйлчилж эхлэх бөгөөд энэ нь хоёр талын хооронд тогтсон хэврэгхэн эвлэрлийг бусниулж болзошгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ Брекситийн хэлэлцээрт оролцогч талууд уг асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэж амласнаа бичгээр баталгаажуулжээ. Тодруулбал, Брекситийн шилжилтийн үе дуусахаас өмнө талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олж чадахгүй аваас Умард Ирланд нь ЕХ-ны гаалийн холбоонд хэвээр үлдэнэ гэсэн үг.  Тэгэхээр бэкстоп бол гэрээ байгуулж ЕХ-ноос гарах уу, эсвэл гэрээ байгуулахгүйгээр тус холбоог орхих уу гэдгийг шийдэх гол асуудал болоод байна. 
 
 
 
Ерөнхий сайд Б.Жонсон гэрээнд оруулсан Ирландын талаарх заалтыг өөрчлөх шаардлагыг тавьж байгаа боловч ЕХ огт зөвшөөрөхгүй байна.  Шинэ Ерөнхий сайдыг үүрэгт ажилдаа орсны дараахан ЕХ-ны удирдагчид мэдэгдэхдээ "урьд нь нэгэнт байгуулсан Брекситийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй” гэжээ.
 
Жонсоны санааг зовоож буй гол зүйл бол, Умард Ирландыг нөлөөндөө хэвээр байлгахын тулд Европын Холбоо Ирландын бэкстопын асуудлыг шууд шийдэхээс зайлсхийн, цаг хожиж байж магадгүй гэсэн болгоомжлол юм. Ингэх аваас Их Британи улс хатуу Брексит хийсэн ч гэсэн тус холбооноос хамааралтай хэвээр үлдэнэ гэсэн үг болой. 
 
Ийм учраас Лондон, Брюсселийн хооронд болж буй яриа хэлэлцээ нь илт сөргөлдөх байдал руу шилжиж, улмаар Их Британи улс гэрээ байгуулалгүйгээр ЕХ-ноос гарах магадлал өдрөөс өдөрт өссөөр байна.  
Хэрвээ британичууд гэрээ байгуулалгүйгээр ЕХ-ноос гарах аваас тус холбооны гишүүн 27 улстай худалдаа хийх боломжгүй болох ба үүнээс үүдэн эдгээр улсад учрах хохирлын хэмжээ ч харилцан адилгүй байх нь. Тухайлбал, Нидерланд, Франц, Бельги гэсэн гурван улс хамгийн ихээр хохирол амсах бол Их Британитай худалдааны өргөн харилцаагүй бусад улсуудад учрах хохирол харьцангуй бага байх болно. Үүний сацуу хатуу Брекситийн улмаас хамгийн хүнд цохилтод өртөх улс бол Ирланд гэж шинжээчид үзэж байна. Учир нь, тус улсад нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний ихэнх нь Их Британиар дамждаг ажээ.
 
Парламент дахь хүчний харьцаа ба Т.Мэйгийн хувь заяа давтагдах магадлал  
 
Брекситийн асуудлаар эрс хатуу байр суурьтай байгаа Б.Жонсон Консерватив намын дарга болсныхоо дараа үг хэлж байхыг нь харсан тус намын ахмад гишүүд болон хэвлэлийнхэн түүнийг домогт Уинстон Черчилльтэй адилтгаж байлаа. Ийм зүйрлэл Жонсонд өөрт нь ч таалагдаж байгаа  бололтой. Эрс шийдэмгий гэдгээ харуулсаар байгаа хэдий ч тэрбээр Британийн парламент болох Нийтийн танхимын гишүүдийн зүгээс маш ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар түүнийг Тереза Мэйгийн гунигт хувь заяа хүлээж байж магадгүй хэмээн Британийн ихэнх улс төрийн тоймчид таамаглаж байна.
Сануулан дурдваас, олон удаагийн хэлэлцээний үр дүнд Их Британи улс энэ оны 3 дугаар сарын 29 гэхэд ЕХ-ноос гарна гэж тохиролцсон боловч ямар нөхцлөөр гарах вэ гэдэг тал дээр Британийн улстөрчид хоорондоо санал зөрөлдсөөр, асуудал шийдэгдэхгүй хойшлогдсоор байгаа билээ. Парламентын гишүүд болон Консерватив намынхны дотор "ЕХ-ноос гэрээ байгуулалгүйгээр гарах нь зүйтэй” гэж үзэж буй нэг хэсэг байхад гэрээ байгуулсны дараа гаръя гэсэн Т.Мэйгийн байр суурийг дэмждэг нөгөө хэсэг хүмүүс байсан. Эл зөрөлдөөний улмаас Британийн түүхэн дэх хоёрдахь эмэгтэй Ерөнхий сайд нь "улс төрийн хүчнүүдийг эвлэрүүлэх чадваргүй” гэсэн шүүмжлэлээр бөмбөгдүүлсээр байгаад огцорсон билээ.
 
 
 
Харин энэ удаад ЕХ-ны талаарх Жонсоны хатуу байр суурь нь Нийтийн танхим дахь Консерватив намын фракцийн дотор түүнийг эсэргүүцэгч албан бус бүлэг үүсэхэд хүргэж мэдэхээр байгаа тухай ВВС агентлагийн тоймд дурджээ. Энэ бүлгийнхэн сөрөг хүчний фракцитай үгсэн нэгдсэн тохиолдолд Жонсоны хүчин чармайлтыг бүрмөсөн үгүй хийж магадгүй юм. Ерөнхийдөө бол, үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь Нийтийн танхимын 650 гишүүн тус бүрийн гаргах шийдвэр ба ЕХ-ны байр сууриас хамаарах болоод байна.
Одоогоор Жонсоны удирдсан Консерватив намынхан өөрийн холбоотон болох Умард Ирландын Ардчилсан юнионист намын гишүүдтэй нийлээд парламентад тун ялимгүй олонхи буюу санал өгөх эрхтэй 639 депутатын 323-ыг нь бүрдүүлж байгаа юм. ВВС-гийн тоймчийн тооцоолж байгаагаар, Консерватив намын наад зах нь 25 депутат хатуу Брекситийн эсрэг санал өгөх байдлаар Жонсоноос "урвах” магадлалтай аж. Үүний зэрэгцээ сөрөг хүчний Лейборист намын депутатуудын дотор ямар ч хамаагүй аргаар ЕХ-ноос гарах нь зүйтэй гэж үздэг хүмүүс бий боловч тэдний тоо 10-аас хэтрэхгүй төлөвтэй байгаа нь жингийн туухайг тэнцүүлж чадахгүй. Бусад бүх лейбористууд ба сөрөг хүчний 4 жижиг намаас сонгогдсон депутатуудын хувьд хатуу Брекситийг дэмждэггүй эсвэл хоёр дахь удаагаа бүх нийтийн санал асуулга явуулж, брекситийн үйл явцыг зогсооё гэсэн байр суурьтай байгаа юм.
 
Парламентын ээлжит бус сонгууль болох магадлал
 
Консерватив намын зарим депутатууд сөрөг хүчнийхэнтэй нийлсэн тохиолдолд Жонсоны хөл гарыг нь хүлж чадах төдийгүй түүнийг огцруулж ч мэдэхээр байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар саналыг ойрын үед өргөн барина гэдгээ ч лейбористууд нуухгүй байна.  
 
Энэ тохиолдолд Жонсон ээлжит бус сонгууль зарлахаас өөр аргагүй байдалд орно. Гэтэл уг сонгуульд консерваторчууд ялна гэсэн баталгаа алга. 7 дугаар сард социологийн судалгааны YouGov, Comres, Opinium зэрэг тэргүүлэгч агентлагуудын явуулсан тандалтаар Консерватив нам 23-25 хувийн санал авч магадгүй байгаа нь лейбористуудад ялагдана гэсэн үг. Жонсон намын даргын сонгуулийн кампанит ажлын үеэр хэлэхдээ "хэрвээ парламентын ээлжит бус сонгуулийг ЕХ-ноос гарахаас өмнө явуулсан тохиолдолд Консерватив нам сүйрнэ” гэж байсан юм.
Хэрвээ парламент дахь Жонсоныг эсэргүүцэгчид одоо шууд түүн рүү дайрч эхлэхгүй бол жинхэнэ халз тулаан 9 дүгээр сард өрнөх болно, учир нь Нийтийн танхим 7 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 3 хүртэл завсарлаж байна.
 
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж:  ВВС агентлаг     

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.