ЕХ-ноос гарах “Б төлөвлөгөөг” Тереза Мэй парламентдаа танилцуулна
Их Британийг шинэ нөхцөлтэйгөөр Европын Холбооноос гаргах /ЕХ/ төлөвлөгөөг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй даваа гарагт парламентдаа танилцуулна. Чухам ямар нөхцөлтэй төлөвлөгөө танилцуулах гэж буй нь одоогоор тодорхойгүй байна.
ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчидтай урьд нь хэлэлцэн зөвшилцсөн "Brexit"-ийн гэрээг Их Британийн парламент өнгөрсөн долоо хоногт батлаагүй билээ. Гишүүдийн дийлэнх олонх нь баримт бичигт сэтгэл дундуур байсан бөгөөд 202 нь дэмжиж, 432 нь эсэргүүцсэн юм. Уг гэрээг "хатуу нөхцөлтэйгөөр” Brexit-ийг хэрэгжүүлэхийг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид ч шүүмжилсэн. Хэрэв өөрт нь итгэл үзүүлбэл Засгийн газар "Б төлөвлөгөөг” нэгдүгээр сарын 21-нд танилцуулж, хэлэлцүүлэг болон санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд явуулна гэж Мэй санал хураалтын дараа мэдэгдсэн юм.
Мэй болон түүний сайд нар "Б төлөвлөгөөг” яаруу сандруу бэлдсэн гэж хэлж болно. Консервативчууд болон Умард Ирландын нэгдлийн тусламжтайгаар гэрээг парламентаар батлуулж чадна гэдэгт Мэй итгэлтэй байсан учир ерөнхийдөө түүний Засгийн газарт ямар ч нөөц хувилбар байгаагүй аж. Гэвч Мэйг намын гишүүд нь ч дэмжээгүй юм. Түүгээр барахгүй Их Британийн ЕХ-н дахь гишүүнчлэлийг сунгах шаардлагатай бөгөөд "салах” тухай гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж олон гишүүн ярьцгааж эхэлсэн байна. Харин сөрөг хүчнийхэн бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг шаарджээ.
Гэрээг батлах санал хураалт амжилтгүй болсны дараахан лейбористууд Мэйг албан тушаалаас нь огцруулах оролдлогыг хийсэн боловч Их Британийн парламент түүнд итгэл үзүүлсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.