Ц.УЯНГА: ТЕГ-ЫН ХҮСЭЛТЭЭР ЦАГДАА НАР 22:00 ЦАГТ НАМАЙГ БАЙЦААЛТ ӨГӨХИЙГ ШААРДСАН

1


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр цахим хаягтаа хувийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэн "Элийрэгч” хаягтай Ц.Уянгад Тагнуулын Ерөнхий газрын хүсэлтээр цагдаа нар шалгасан дэх мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар иргэн Ц.Уянгатай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улс дахь айлчлал болж өндөрлөлөө. Энэ үеэр цахим ертөнц дэх жиргээнээс тань болж Зөрчлийн хэрэг нээсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Тагнуулын Ерөнхий газраас цагдаад гомдол гаргасан байна лээ.

-ТЕГ-аас гомдол гаргасан эсэхийг нь та яаж мэдсэн бэ?

-ЦЕГ-аас зөрчлийн хэлтэс хариуцсан дэд дарга, дэд хурандаа н.Чинбат, ахмад н.Ганзориг гэж байцаагчийн хамт энэ сарын 2-ны өдөр манай байрны гадаа ирсэн. Миний утас руу залгаад "ТЕГ-аас гаргасан гомдлын дагуу явж байна. Танай цонх гэрэлтэй байна. Гарч ирж байцаалт өг” гэсэн шаардлага тавьж байна лээ. Энэ нь оройн 22:00 цаг өнгөрч байхад болсон явдал шүү дээ. Тухайн үед нь би нохойгоо салхилуулахаар гараад явчихсан байлаа. "Хойшлуулшгүй асуудал байгаа бол хуулийнхаа зүйл, заалтыг тайлбарлаад шаардлагаа хүргүүл. Та нар ажлын цаг дууссан хойно, шөнө хүн дуудах ёсгүй” гэж хэлсэн.

-Ямар асуудалд буруутгаж гомдол гаргасан талаар мэдээллийг танд өгсөн үү?

-Ямар үндэслэлээр буруутгагдаж байгаагаа лавлахад "Путины айлчлалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичсэн байна” гэж хэлсэн. "Путин мандтугай, Орос ахыгаа дагаад автономит болсон ч яадаг юм” гэж л бичсэн. Энэ миний чөлөөт үзэл бодол. Би ёгтолсон ч байж болно. Шүүмжилсэн ч байж болно. Юугаараа Үндэсний аюулгүй байдалд харшлаад байгааг нь ойлгохгүй байна. Би Үндэсний аюулгүй байдлыг сахиж байдаг хүн ч биш. Энгийн л иргэн. Ер нь би Путиныг шүтсэн ч байж болно. Автономит болъё гэсэн хүсэлтэй ч хүн байж болно биз дээ. Ингээд байцаалт өгөхөөс татгалзахад "Бид нар урьдчилж мэдэгдээгүй учраас энэ удаа ирэхгүй байж болно. Утсаар холбогдоод ирж уулзаарай” гэж хэлсэн. Маргааш нь өмгөөлөгчтэйгөө уулзаад болсон явдлын талаар зөвлөгөө авахад "Хуулийн хойшлуулшгүй хэрэг үүссэн байсан бол цагдаагийн байгууллага хуулийн дагуу өөрсдөө тухайн процессоо хангах ёстой. Ийм биш бол хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас очих хэрэггүй. Тэгээд ч бүх нийтийн амралтын өдөр очих хэрэггүй” гэж зөвлөсөн.

-Айлчлалын үеэр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хэд хэдэн иргэдийг буруутгаж цагдаа хүчний байгууллагаас анхааруулга өгсөн байна. Та үүнийг яаж харж байна вэ?

-Ганбат гэж хүн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шөнийн цагаар гэр оронд нь очсон байна лээ. Энгийн иргэн л үзэл бодлоо илэрхийлсэн байсан. "Манайх ОХУ-руу бага хэмжээний бүтээгдэхүүн экспортолдог. Үүний татвар нь хэтэрхий өндөр байдаг. Харин манайх ОХУ-аас их хэмжээний бүтээгдэхүүн авдаг. Үүнд харилцан хөнгөлөлттэй хамтарч ажиллаж болдоггүй юм уу. Айлчлалаар энэ асуудлыг шийдэх үү” л гэсэн үзэл бодлоо жиргэсэн байсан. Үүнд доромжлол, ямар нэгэн турхирсан өнгө аяс ч алга. Ер нь өмнө нь бага зэрэг дээрэнгүй бодлого явуулж байна гэсэн шүүмжлэл явж л байсан. Тэр дундаас хэдэн хүнийг сонгож аваад айлгах зорилготой юм уу, Элчин сайдын мэдэгдлээр үүрэг даалгавар ч биелүүлж байгаа юм уу, би сайн мэдэхгүй байна. Үүний өмнөхөн "Халх голын дайны ойн үед хоёр улсын харилцаанд сөрөг үзэл бодолтой, төөрөгдсөн улсуудыг нэн даруй таслан зогсоох шаардлагатай” гэсэн мэдэгдэл гаргахад Баабар гуай нийтлэлээрээ "Манай улсад хүмүүсийн үзэл бодлыг таслан зогсоодог асуудал байхгүй. Ардчилал тогтоод 30 жил болж байна” гэж хариу барьсан байсан. Бодвол ОХУ-ын талаас ямар нэгэн шүүмжлэлтэй, эргэлзсэн, төөрөгдсөн хүмүүсийн үзэл бодлыг зогсоох даалгаврын дагуу хүчний байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм уу, эсвэл үнэхээр үндэсний аюулгүй байдалд харшлах учраас хэсэг бүлэг хүмүүс зогсоо гэсэн ч юм уу. Эсвэл бие даасан үзэл бодолтой байх хүний эрхэд халдаж, эхнээсээ амыг барих оролдлого ч хийж байгаа юм уу, мэдэх юм алга даа.

-Манайх социализмын нийгэмд байхад ингэж хүний эрхэд халдаж байсан удаагүй биз дээ?

-Хүүхэд байхад ч элдэв юм асуухад "Ийм юм ярьж болохгүй шоронд орно” л гэж хэлдэг айдастай өссөн шүү дээ. Социализмын үед үзэл санаа, бодол хаалттай хязгаарлагдмал байлаа. 1990-ээд оноос хойш бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бодит утгаараа хэрэгжсэн. Үүнээс хойш сэтгүүлчдийг улс төрчид "гүтгэсэн, гутаасан” гэж хууль шүүхийн байгууллагад хандаж л байсан байх. Гэхдээ энэ удаагийнх шиг төрийн байгууллагаараа Ерөнхийлөгчийн тамгын газар, эрх бүхий институциэр нь дамжуулж ингэж иргэнд хандаж байсан удаа байхгүй. УИХ-ын гишүүд юм уу, сайд юм уу хүмүүс иргэнээрээ гомдол гаргадаг байсан. Тэр нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, буруутгагдаж байгаа зүйлдээ тайлбар авах, Үндсэн хуульд заасан бүх эрхийн дагуу л явдаг процесс.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас танд гомдол гаргаж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Үргэлжилж л байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар Ерөнхийлөгчийн өмнөөс надад гомдол гаргасан. Надад гаргасан гомдолтой нь танилцаж, өөрийгөө өмгөөлөх үйл явцгүйгээр шууд л шийтгэврийн хуудас гаргасан байна лээ. Энэ нь Үндсэн хуулийн шаардлага хангахгүй шүү дээ. Энгийн иргэн хувийн үзэл бодлоо цахим хаягтаа бичсэнийх нь төлөө гомдол гаргаж байгаа тохиолдол ховор байх. Үүн дээр зүгээр надад тохиолдсон асуудал гэхээс илүү ардчилсан хүний эрхийн зарчмуудыг хангах, дархлаажуулах эрхийн төлөө тэмцэж давж заалдаж, олны анхааралд хүргэж байгаа л хэрэг.

-Үндсэн хуультай харшилсан хуулийн заалтууд олон байх шиг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Баталсан хууль нь алдаа гажуудалтай, өөр хоорондоо уялдаагүй, Үндсэн хуультай харшилсан байвал засч залруулаад явдаг. Үндсэн хуулийн заалттай харшилж байгаа хуулийн хэрэглэх байдлыг түр түдгэлзүүлээд, яаралтай дахин хэлэлцээд залруулдаг. Харин үүний оронд Зөрчлийн хуулиараа надаас гадна олон хүнийг амыг нь барихаар эрхэнд нь халдаж, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрх чөлөөнд халдаж байгаад нь харамсаж байна. Энэ асуудал дээр дүгнэлт хийгээд цааш явах болов уу гэтэл иргэдээ нухчин дарах зэвсэг болгож ашиглаж байгаа учраас би Олон улсын байгууллагад хандахаас өөр аргагүй болж байгаа юм. Албан ёсны гомдлоо гаргаад, тохиолдлууд нь бүртгэгдээд явж байгаа. Энэ хэргүүд анхааралд нь өртсөн байгаа. Өнөөдөр гэхэд НҮБ-ын хүний эрхийн илтгэгч манайд ирээд байна.

Эх сурвалж: dnn.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

iim asuudlaar ene uls toriin yanhan bas olon ulsiin baiguullagaar yavah gene. tataj unalaa. chinii zov garsan ch buruu garsan ch suuri huraamj gedeg umaa tolno malaa. chamd dor hayahad 50 000 100000 nogoon baigaa u. chinii daldganaj gyideg baruun hyrtel cham shig ugaadsaar amidragsdiig tooj avch yzdeggyi. chadal chini hyrvel olon ulsiin baiguullagaar yav. suuri huraamjaa tol, chinii zov gej garsan ch chi suuri huraamjin deeree dahiad guitselgel, shyyhiin tatvar ene ter geed too tomshgyi tatvaruudaa tolno. hyn byhen chamaig aluurchin elbegdorjiin yanhan devsger gedgiig meddeg. bidniig mal gej bodoo u. chi battulgiig muulj gutaaj bicheed hyzyygyi aluurchnaas allaga hulgai luivraar Olson mongonoos ni avdag. bygd medne