Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулах тал дээр шийдвэр гаргагчид чууллаа
ЭМЯ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран "Сүрьеэ, Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулганыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж, устгах зорилт тавин ажиллаж байгаа юм. Шийдвэр гаргагчид Сэлэнгэд чуулсан учир нь тус аймгийн удирдлага халдварт болон халдвар бус өвчнийг эрт илрүүлэх тал дээр эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтайгаа хамтран санал санаачилга гарган ажилласан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц боллоо.
Аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилга, удирдлагуудын дэмжлэгтэйгээр цогц үзлэг үйлчилгээ шинжилгээ оношилгоо хийж, нутгийн иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр халдварт өвчингүй сум болж чаджээ.
Харин жирэмсний хяналт ба төрөлхийн тэмбүү өвчний талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр илтгэл тавьсан бол ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад ямар байгаа талаар тус сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа танилцуулав.


Чуулганд оролцогчдын хэлж буйгаар "Шийдвэр гаргагчдын шийдэх асуудал бол яах аргагүй төсөв мөнгө байна. Төсөв санхүүг нь орон нутгийн төсөвт нь суулгаад өгчихвөл энэ үйл ажиллагаа илүү үр дүнтэй явна. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм” гэв.
Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг тул тэмбүүг устгах, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь зөв юм. Төрөлхийн тэмбүүгийн улмаас дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байна.
Тиймээс ч "Тэмбүүг устгая” аяныг цаг үеэ олсон арга хэмжээ гэж чуулганд оролцогчид онцолсон юм.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.

Сэлэнгэ аймаг хүм амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийдэг жишиг аймаг юм билээ. Дээрээсээ дэмжлэгтэй, удирдлагууд нь санаачлагатай идэвхтэй болохоор энэ ажил сайн явагддаг аж.
.jpg)
Аливаа өвчлөлтэй тэмцэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш аймаг сумын Засаг дарга нар удирдлагуудынх нь дэмжлэг туслалцаа сайн байх ёстой гэнэ. Сэлэнгэ аймгийн хувьд ийм л жишгээр явж байна.

Сэтгэгдэл байхгүй байна.