Хятадад сурах бичиг хэвлэсэн “Очир пресс”-т хариуцлага тооцохгүй нь
Ерөнхий боловсролын сургуульд сургалтын "цөм” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурах бичгүүдийг ээлж дараагаар шинэчилж эхэлсэн байдаг. Түүнчлэн урьд нь дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан бол энэ жилээс түрээсээр авах шинэ үйлчилгээг БСШУСЯ-наас хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь мэдээж сайн хэрэг.
Гэтэл хичээлийн II улирал эхэлчихээд байхад хүүхдүүд сурах бичиггүй хэвээр байна. Тодруулбал, VIII-IX ангийн 85 мянган сурагч одоо болтол сурах бичгээ гар дээрээ авч чадсангүй. Харин хариуцах ёстой салбарын яамны холбогдох албан тушаалтан нь үүний бурууг өөрсдөдөө бус, бусдад тохож "Тендер оройтож зарлагдсантай холбоотой” хэмээн хээв нэг хэлж суух. Уг нь тэд хэддүгээр ангийн хэчнээн сурах бичиг хэвлэхийг урьдчилан тооцоолж, хөрөнгө мөнгөний асуудлыг эртнээс шийдэж, өмнөх оноос нь хэвлэх ажлыг эхлүүлэх ёстой байлаа. Мөн дахин нэг асуудал үүссэн нь сурах бичиг хэвлэх эрхтэй арван компанийн нэг "Очир пресс” сурах бичгээ Хятадад хэвлэж, түүнийгээ хилээр оруулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдав. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 22-нд "Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн бичигтэй 482 хайрцаг бүхий VI ангийн англи хэл, түүхийн хичээлийн 43060 ширхэг сурах бичгийг хилээр нэвтрүүлэх гэж оролдсоныг илрүүлж, тус компанийн удирдлагыг таван сая төгрөгөөр торгосон байдаг.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл байхгүй байна.