Орондоо шийдвэр гаргадаг Засаг ноён орон нутгаа самарч байна
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариалан шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болон хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Гэвч тариаланчид түүхт ойгоо тэмдэглэж чадалгүй, сэтгэл гонсгор гэртээ буцлаа. Атрын өлгий нутаг, ургац хураалтаараа улсдаа үргэлж тэргүүн эгнээнд түүчээлж явсан Төв аймгийн Угтмаалцайдам сум арчаагүй, зохион байгуулах чадваргүй сул дорой удирдлагуудынхаа гороор атарчдынхаа амыг алгадан буцаав. Уг нь ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээ сүр дуулиантайгаар мэдэгдэж, сулхан ч гэлээ хөтөлбөр боловсруулан гадаад дотоодгүй тархсан атрын анхдагчид, тэдгээрийн үр хүүхдүүд хүргэсэн байгаа юм.
Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл Атарын ууган сангийн аж ахуйн нэг Угтаалцайдам суманд газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж хүндэтгэл үзүүлээд явсан байдаг. Тариалангийн талбайд зочилсон уулзалтад зориулж Ерөнхий сайд энгийн даруу хувцасласан бол сумын Засаг ноён костюмаар зангиа болж алиатсан гэж байгаа. Цаг үе, үйл явдлаа мэдрээгүй Засаг дарга Р.Батбаярын үйлдлийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүмжлээд, битүүхэндээ толгой сэгсрээд өнгөрсөн гэх мэдээлэл бий.
Эл явдлаас хэд хоногийн дараа "Атар-60”-ын ойн медалийг ХХААХҮЯ-аас баталсан стандартын дагуу 15445 төгрөгөөр үнэлэн захиалга авч, "зарж байгаа” гэх зарлалыг сумын Засаг даргын Тамгын газраас албажуулан мэдээлсэн байдаг. Тодруулбал, ойн медаль авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж мөнгө тушаасан баримтаа мэргэжилтэнд авчирч өгөхийг Засаг даргын Тамгын газраас гаргасан байлаа.
Уг нь нутгийн удирдлагын хувьд ойн медалийг үр бүтээлтэй ажилласан иргэн, аж ахуйн нэгжид олгох комиссын шийдвэрээ гаргаж, энэ тухайгаа яаманд албан бичгээр мэдэгдэн шагнаж урамшуулах учиртай баймаар. Харамсалтай нь, ойн медаль үнэгүйдэж, хүссэн хүн бүр төлбөрөө тушаачихвал авч болох боломжийг нутгийн удирдлага "олгож”, түүнийхээ горыг амссан байж мэдэх. Учир нь хямд төсөр үнээр хэнд ч хамаагүй "зарах”-аар шийдсэн нь Нарантуулын худалдаа мэт газар авч, яаманд захиалсан медалийн тоо хэмжээ хязгааргүйд хүрч хэвлэгдэж чадаагүй ч юм билүү. Ийнхүү төрийн ажлыг цалгардуулж, түмний хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн гэмийг сумын Засаг даргын Тамгын газар засаг ноёнтойгоо хүлээх учиртай.
Захын үүдээр өрөөтэй хэвтдэг жоомны хор мэт "зарах”-аар шийдсэн ойн медаль хугацаандаа ирээгүйгээс эртнээс төлөвлөсөн "Атар 60” хүндэтгэлийн арга хэмжээ ганцхан шөнийн дотор цуцлагдав. Хот, хөдөөгийн тариаланчид ойн арга хэмжээнд оролцохоор шинэхэн дээл хийлгэж, алба амины ажлаа хойш тавин тэмүүлсээр төрөлх сумынхаа зүг хүлгийн жолоо хэдийнэ залсан цаг. Товлосон ёсоор маргаашийн ойн арга хэмжээндээ оролцохоор, төрсөн ах дүүс мэт элгэмссэн нутгийн зон олонтойгоо уулзахаар алс холын зарим нь аль эрт замд гарсан байсан гэж байгаа. Гэтэл арга хэмжээ цуцлагдсан мэдээг орон дотроо хууль засдаг сайдын үлгэрээр орон дотроосоо Фэйсбүүк хуудас доторх нутгийн чат руу шөнийн 00 цагт мөнөөх Засаг дарга өөрийн нэрээр шидсэн байх аж. Хамгийн инээдтэй, бүр эмгэнэлтэй шалтгаан нь өнөөх буруу зөвгүй тараахаар шийдвэрлэсэн ойн медаль нь хэвлэгдэж ирээгүйтэй холбоотой гэнэ. Арга хэмжээ хойшлуулж байгаа шөнийн мэдэгдэлдээ "Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн медаль ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар 11 сарын 20-ноос хойш олгогдох болсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ойн зарлигийг хүлээх зайлшгүй шаардлага байгаа ахмад, тариаланчдынхаа хүсэлтийг харгалзан жирийн баяр тэмдэглэх гэж байгаа биш 10 жилээр өртөөлөгдөн яригдах түүхэн ойн баярын арга хэмжээг тэмдэглэх гэж байгаа учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Шагнал ойн медаль тодорхой болсны дараа хугацааг нь товлоно. Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Батбаяр” гэжээ. Ийнхүү энэ сарын 8-нд болох ойн баяр 7-8 шилжих шөнө арчаагүй Засагийн орон дотор хойшлогдов.
Түүхэн ой тохиож буйг мэдсээр байж эртнээс шагналуудаа бэлтгээгүй нь салбар яамны сайд Ч.Улааны буруу юу. Эсвэл зарлигаа өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа Төрийн тэргүүний буруу юу. Дээрх мэдэгдэлд бичсэнээр Засаг дарга Р.Батбаярт буруу огтхон ч байхгүй бөгөөд Төрийн тэргүүн болоод салбарын сайдын унхиагүй, хариуцлагагүйгээс үүдэж, тариаланчид ийнхүү толгой гудайн буцах болсон юм байх.
Уг нь Засаг ноён ажилдаа хариуцлагатай хандаж, асуудлыг лавлаж байсан бол ойн арга хэмжээг өмнөх шөнө нь бус хэдэн өдрийн өмнө цуцлахаа мэдэгдэж, тээр холын иргэддээ түвэг чирэгдэл удахгүй байх үүрэгтэй байх. "Атар-60” ойн арга хэмжээг ганц Угтаалцайдам сум бус ойр тойрны бүх сумд, тэрбайтугай ХХААХҮЯ хүртэл ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Харин ийм арчаагүй, ичгэвтэр байдалд орсон сум одоогоор алга. Хатуухан хэлэхэд, ийм Засаг даргатай сум сүйрлийн ирмэгт зогсоо хөлөг онгоцтой яг адилхан харагдана.
Үнэндээ Р.Батбаяр сумаа там болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн гэдгийг иргэд нь андахгүй. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 4-нд Засаг даргын албан тушаалд томилогдсон. Түүний эл суудал дээр Н.Гантулга гэх эрхэм тухалж байсан бөгөөд нутагтаа орших, дэлхийд нэн ховор чулуу гэгдэх кварцын чулуун орд газрыг ухах зөвшөөрлийг хууль зөрчин олгосон гэдэг. Тухайн үед Р.Батбаяр сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд нутгийн удирдлага, иргэд хооронд хэрүүл, тэмцэл өрнөж эцэст нь Н.Гантулга эрүүл мэндийн гэх шалтгаар өргөдлөө өгч, албан тушаалаасаа буусан юм. Түүний оронд хамтрагч нь, шулуухан хэлэхэд халаасан дахь хүүхэлдэй нь гэчихэд хилсдэхгүй Р.Батбаяр сумын Засаг ноёноор томилогдсон нь энэ. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг... Ерөнхийлөгчийн зарлиг болоод Сайдын тушаалаар төр, засгийн одон медалиуд хэвлэгдэн сум орон нутаг ойн арга хэмжээгээ дахин зарлалаа ч үл бүтэх удирдлагуудын гайгаар цагтаа цалгиж явсан энэ сайхан сумын атарчид эргэж, дахин цуглах болов уу даа.
Эх сурвалж: niigmiintoli.mn