Татвар нэмэхгүй гэж амласан МАН есөн төрлийн татвар нэмжээ
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо "татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэдэг амлалт өгч, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин өнөөдрийн байдлаар засгийн эрх мэдлийг авснаасаа хойшхи 1.5 жилийн хугацаанд нийт есөн төрлийн татвар нэмжээ. МАН сахилга батгүй олон төсөв, мөн хугацаа тулсан их хэмжээний өр зээл, улайсан данстай улсыг хүлээн авсан гэж тайлбарладаг. Гэвч тэд орлого олох хамгийн амар буюу "Номхон тэмээг ноолоход амар” гарц олсон нь иргэдийн төлдөг татварыг нэмэх байлаа.
Монгол Улсын Засгийн газар 2017 онд дөрөвдүгээр сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тус байгууллагын шаардлагын хүрээнд 7 төрлийн татвар нэмж байгаагаа зарласан. Нэмээд, сая 2018 оны улсын төсөвт газар болон лицензийн татварыг нэмж, төсвийн орлогоо нэмэгдүүлэхээр болов. Эдгээр есөн төрлийн татвараас дөрөв нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бол тав нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нэмэгдэж буй есөн төрлийн татварыг товчхон эргэн сануулъя.
1. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхлэв
2015 оноос 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн. Харин 2017 оны тавдугаар сарын 1-нээс босгогүй болгож, бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхлэв.
2. Суудлын автомашины албан татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс автомашины насжилтаас хамаарч 3-15 хувиар татвар нэмэгдсэн. Ингэхдээ моторын багтаамж нь 4501см/кубээс илүү байгаа нөхцөлд насжилтаас нь хамаарч 40-250 хувийн татвар ногдуулахаар болсон.
3. Импортын тамхины татвар
Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэлээ.
4.Шатахууны онцгой албан татвар
2018 оны долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг 2016 оны төвшинд хүргэн нэмэгдүүлж, мөрдөнө. 2018 оны аравдугаар сараас дахин нэмнэ.
5.Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгов
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд сарын орлогоосоо хамаарч татвар ногдуулах хувь өөрчлөгдөнө. Тодруулбал, сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь, 1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөх юм. Иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлнө гэсэн үг. Өмнө нь нийтээрээ 10 хувийн татвар төлдөг байлаа. Тэгэхээр зарим хүний хувьд цалингаасаа төлдөг хувь хүний орлогын албан татвар нь 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг.
6.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдэнэ. Одоо ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр нэг хувиар нэмэгдэж 11 хувийн татвар төлдөг болно. Түүнчлэн, НДШ-ийг 2019 онд 0.5, 2020 онд нэг хувиар тус тус нэмнэ.
7. Тамхи, согтуулах ундааны албан татвар
Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдэнэ.
8. Газар худалдаалах татвар
2018 оны улсын төсөвтэй хамт дагалдаж Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэхээр болсон.
9.Ашигт малтмалын лицензийн татвар
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, одоо эзэмшиж байгаа уул уурхайн лицензээ гуравдагч этгээдэд худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авах зохицуулалт тусгасан. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сараас эхлэн уул уурхайн лицензээ бусдад худалдсан хуулийн этгээдээс шинэ төрлийн татвар авахаар болж байна.
Дундаж давхаргаа татаж унагаах татварын бодлого
Улс төрийн онол, үзэл баримтлалын хувьд МАН бол чинээлэг дундаж давхаргыг нийгмийн олонхи болгохыг тунхагладаг зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Үүгээрээ АН-аас ялгардаг, АН-аас илүү олон удаа УИХ-ын сонгуульд ялсан юм. Гэвч чинээлэг дундаж давхаргаа дэмжих ёстой МАН энэ УИХ-ын үед дундаж давхаргаа татвараар дарамталдаг болжээ. Хувь хүний орлогын албан татварыг 2-3 дахин нэмнэ гэдэг бол нийгэмд 1.5 саяас илүү цалинтай байж болохгүй, нийтээрээ нэг сая хүртэлх төгрөгийн орлоготой байх ёстой гэсэн төрийн бодлого л гэж ойлгогдож байна.
МАН-ын анхны дарга Солийн Данзан "Иргэн баян бол улс баян” гэжээ. Харин үүнээс хойш 95 жилийн дараа, ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд "Төр баян байх ёстой” гэж МАН үзэж байна. Тэд төрийн буюу өөрсдийнхөө албан тушаалын тансаглал, зардлаа танах дургүй байна.
Хувь хүний орлогын албан татварыг 2-3 дахин нэмснээр өрхийн орлого багасах, зах зээл дээр үнэ өсөх олон эрсдэл бий. Хамгийн наад зах нь арилжааны банкнаас найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан 92 мянган өрх зээлийн дарамтад орж, шинээр байранд орох хүмүүсийн хүсэл мөрөөдөл талаар боллоо. Учир нь, найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэн хамгийн багадаа 1.5 сая төгрөгийн орлоготой байх үндсэн шаардлага бий. Гэтэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлтэй иргэд байрныхаа төлбөрт илүүчилдэг мөнгөө татварт өгөх болж байна.
Б.Батбаатар
Сэтгэгдэл байхгүй байна.