Г.Жаргалсайхан: Хийн хоолой Монголоор дайрвал манай улсын эрчим хүчний хэрэгцээ хангагдана

0

 

"Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал боллоо. Хурлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банк, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их сургуулиуд хамтран зохион байгуулсан бөгөөд эдийн засгийн коридорын ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-Эдийн засгийн коридорын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар шатандаа яваа вэ?

-Эдийн засгийн коридорын төсөл хөтөлбөрүүд Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байгаа. Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүнүүд гурван талт уулзалтыг таван удаа хийсэн. Эдгээр уулзалтуудаас гарсан хамгийн том шийдвэр бол эдийн засгийн коридорын төсөл хөтөлбөрийг баталж,  хэрэгжүүлж байгаа явдал. Эдийн засгийн коридор гурван улсын хамтарсан төсөл. Тийм учраас дан ганц Монгол Улс гэхгүйгээр гурван улсын хамтарсан үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гурван улсын төрийн тэргүүн болон ажлын хэсгийн уулзалтуудаар 32 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг.

-Голлох төслүүд нь юу вэ?

-Сүүлийн жилүүдэд ярьж  байгаа гурван том төслийг тэргүүлэх зэрэгт авч үзсэн. Тодруулбал,  авто замы, төмөр замын коридор,  эрчим хүчний шугам дамжуулах төслүүд юм.

-Ямар үр дүнтэй ажил хийсэн юм бол. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил нь юу вэ?

-Бодлогын түвшинд дорвитой ажлуудыг хийсэн гэж үзэж байгаа. Ялангуяа Гадаад харилцааны яамны зүгээс. Өөрөөр хэлбэл,  2016 онд Эдийн засгийн коридорын төсөл,  хөтөлбөр батлагдсанаас хойшхи хугацаанд Монгол, Орос, Хятадын экспертүүдийн уулзалтыг жил бүр хийж  ирсэн. Уулзалт бүрээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцоод явж байгаа. Өнөөдрийн хувьд төмөр зам болон авто замын коридорын төслүүдийг эрчимтэй явуулъя гэсэн саналыг гурван талынхаа түвшинд ойлголцоод явж байна. Удахгүй төмөр замын коридорын төсөлд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа. Дээр нь дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг гурван талын коридорын төслийг хэрэгжүүлэхэд бодлогын чанартай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохирсон.

-Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлал хийж байна. Энэ үеэр хийн хоолойг Монголоор дайруулах асуудал хэлэлцэнэ гэсэн. Ямар үр дүн гарах бол?

-Эдийн засгийн коридорын төсөлтэй холбоотойгоор эрчим хүчний салбарт дорвитой зүйлүүдийг хийж байна. Эрчим хүчний дамжуулах шугамын төслүүдийг хийж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна.  Энэ үеэр хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан тавих асуудлыг ярина. Үүнийг гурван улсын түвшинд үндсэндээ тохирсон асуудал. Ажлын экспертүүдийн хийх ажил үлдэж байгаа гэж ойлгож болно.

-Хийн хоолой Монголын газар нутгаар дайрахаар болсон гэж ойлгож болох юм уу?

-ОХУ-д Ерөнхий сайд айлчилж байгаа энэ цаг үед энэ асуудал ажлын хүрээнд яригдаж байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй. Гэхдээ ямар ч байсан бодлогын түвшинд гурван улсын тэргүүнүүд ойлголцсон. Бие биенээ дэмжсэн байдалтай байгаа.

-Хэрвээ энэ хоолой Монголоор дайрвал  ямар ач холбогдолтой талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээж Хятад улс байгалийн хийн асар их хэрэгцээ шаардлагатай болсон. Нөгөө талаас нийлүүлэлт нь ОХУ-д байна. Энэ хоёр улсыг уялдуулах ажлыг Монгол Улс өөрийн газар нутаг дэвсгэрээр хийн хоолойг тавьсанаар хийж чадна. Зөвхөн энэ хоёр улсын худалдах, худалдан авах асуудал биш Монгол Улсын хэрэгцээ шаардлага хангагдана гэж ойлгож байгаа. Ялангуяа Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ хангагдана. Байгаль орчны асуудалд ч ач холбогдолтой. Яагаад гэвэл хийн газ, байгалийн хий бол байгальд хоргүй бүтээгдэхүүн. Хэрвээ Монголын нутаг дэвсгэрээр явуулах тохиролцоонд хүрээд, ажил хэрэг болчихвол Монгол Улсын эрчим хүч, цахилгааны асуудал давхар шийдэгдэх бололцоотой. Дээр нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр явж байгаагийн хувьд манайд орж ирэх татвар нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой. Монгол Улс газар нутгаа ашиглуулсныхаа төлөө гэрээ хэлцлийн хүрээнд тухай бүрт нь татвар хураамжаа авах боломж бүрдэнэ.

-Гурван улсын авто замын транзит тээврийн асуудал юу болсон бэ?

-Гурван улсын хамтарсан алжын хэсгүүдийн уулзалт тухай бүрт болж байна. Авто замын төв коридортой холбоотой ажлын хэсгийг ОХУ-д байгуулсан. Манай улсад сая байгуулаад байна. Хятадын талаас хариу хүлээж байгаа. Энэ гурван ажлын хэсэг нэгдсэн хуралдаанаа хийгээд, авто замын коридорыг байгуулахад ямар ач холбогдолтой юм бэ гэдэг судалгаанууд хийхийг зорьж байна. Монгол Улсад 2017 онд эдийн засгийн коридорыг урагшлуулах, эрчимжүүлэх үүднээс Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Энэ төвийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь эдийн засгийн үндэслэлүүдийг судлах, шинжээч нартай хамтарч ажиллах. Гурван талын хэмжээнд төслүүд хэрэгжээд ирэхээр хамтарсан судалгааны төв болгох чиглэлээр цаашдаа үйл ажиллагаа явуулна.


 
Эх сурвалж: Zaluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.