ХҮҮХДИЙН ЭРХИЙН БАЙЦААГЧИЙН ЭРХ СУНГАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх сунгах сургалтыг энэ сарын 2-3-нд зохион байгуулж байна. Сургалтанд 2017 онд хүүхдийн эрхийн байцаагчийн эрх авсан 32 хүн хамрагдаж буй бөгөөд тэд сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлийн хууль эрх зүйн шинэ мэдээ мэдээллийг авахаас гадна практик ажлуудаар өөрсдийгөө сорьж, тулгамдаж буй асуудлуудаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой юм. Тухайлбал, энэ удаагийн сургалтаар "Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн шинэчлэл”, "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийн үйл ажиллагаанд оролцох нь”, "Гэр бүлийн харилцаа, хандлага”, "Хүүхэд хохирсон зөрчлийг шалган шийдвэрлэх онцлог, анхаарах асуудал”, "Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесст оролцох нь” зэрэг олон сэдвээр хууль зүйн болон гэр бүл хүүхэд хамгааллын салбарын эрдэмтэн судлаачид, хуульч, өмгөөлөгчид хичээл зааж байна.
Нийгмийн хамгааллын салбарын бодлого болон эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2012-2016 онд хүүхэд хамгааллын бодлогыг шинээр тодорхойлж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-аас баталж, 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн дээрх хоёр хуулиас гадна эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан Эрүүгийн багц хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан билээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина”, 20.4 дэх хэсэгт "Улсын байцаагчийн эрх бүхий ажилтан нь хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулна” гэж тус тус хуульчилсны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/79 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн ажилтны журмыг баталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/181 тушаалаар хуульд заасан шаардлага хангасан 43 албан хаагчийг сургаж бэлтгэн, 38 албан хаагчид хоёр жилийн хугацаатайгаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгосон.
Байцаагчид нь Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд 2017 онд 26, 2018 онд 181 зөрчлийг илрүүлэн шалгаж, зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 37 иргэнд торгууль оногдуулсан ба 2019 онд зөрчлийн 72 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 36 иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох торгууль шийтгэврийг оногдуулж ажилласан байна.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах тул түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан дүрмийг дээрх хуулиудын зүйл, хэсэг, заалттай уялдуулан шинэчлэн боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны арваннэгдүгээр сарын "Дүрэм шинэчлэн батлах тухай” А/347 дугаар тушаал гарсан.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулахаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар бүлгийн хүрээнд гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн үйлчилгээ зэрэг орчинд хүүхдийн эрхийн 80-аад зөрчлийг тооцдог байх саналыг боловсруулж хүргүүлсэн нь УИХ-ийн Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байгаа юм.
Хүүхдийн эрхийн байцаагчийн эрх сунгах энэ удаагийн сургалтын дараа хүүхдийн байгууллагад таваас дээш жил ажилласан, зохих хууль дүрмийн дагуу шаардлага хангаж буй хүмүүст хүүхдийн эрхийн байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.