Б.Соёлтуяа: Мэдлэгт суурьтай малчин бизнесмэн бий болгох нь бидний зорилго
- Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улс төрийн тоглолт хийдэг байж болох уу
Малчдын орлогыг нэмэгдүүлж, тэднийг "малчин бизнесмэн” болгох чиглэлээр ажиллаж буй "Чинээлэг Малчин Бойжуулах Төв” ТББ-ын зохицуулагч Б.Соёлтуяатай ярилцлаа.
-Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр таныг малчдад чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн арын албыг хариуцаж байгааг мэдлээ.
-Тийм ээ. Арын алба хариуцсан хэвээрээ шүү.
-Зохион байгуулах, олон нийтэд хүргэх ажилд та их туршлагатай хүн шүү дээ.
-Баярлалаа. Арын алба бол арын алба байдаг. Хэн тайзан дээр гарах нь бус хариуцсан ажил бүхэлдээ ойлгомжтой хүнд хүрэх нь чухал. "Чинээлэг малчин” хөтөлбөрийн баг мэргэжлийн, туршлагатай, асуудлаа мэддэг. Сүүлийн таван жил тасралтгүй судалгаа шинжилгээний ажлаа хийлээ. Ийм сайн санаачилга, том ажлын нэг хэсэг байж хүч өгөх нь мэдээж сайхан.
-Энэ жил өнтэй сайхан урт намар боллоо. Бүх хүн ийм бодлоор аажуу тайван байхад яагаад гэнэт хэвлэлийн бага хурал зарлан "Өвөлжилт хүндэрлээ” гээд эхлэв ээ?
-Дундговь, Өвөрхангай аймгуудад аль хэдийн отор нүүдэл эхэлчихсэн. Ес эхлээгүй байна. Бэлчээрийн даац гээд малчдын маань хувьд өвөлжилт хүндхэн л байгаа. Ер нь өвөлжилт гэхээр дан ганц агаарын хэм, салхи шуурганы хурд, цасны зузааныг хэлэхгүй. Би сая хэллээ,малын бэлчээрийн даац хэтэрсэн, малчдын өрхийн орлого эрс хумигдсан. Малчид өөрсдөө байдал хүнд байгаагаа мэдээд цаг хүндрэхээс өмнө хэдэн малаа борлуулж, мөнгөтэй болж, шаардлагатай тэжээл, ахуй амьдралдаа хэрэгцээт зүйлсээ бэлдэж авъя гэсэн. Гэтэл Засгийн газар нь махны экспорт, бэлтгэлд хориг тавиад, квот буюу дээд хязгаар тогтоочихсон.
-Сая буцаад гаргаж эхэлнэ гэж мэдээлсэн шүү дээ.
-Тэгэх ёстой. Нөхцөл байдал шаардаж байна. Дулаан байхад энэ ажил саадгүй явж байсан бол малчид арай бага эрсдэл үүрэх байлаа. Малчдынхаа эдийн засгийн эрх чөлөөг боогдуулсан шийдвэрийг энэ Засгийн газар гаргалаа шүү дээ.
-Малчид ер нь баян чинээлэг амьдарч, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломж бий юу?
-Байлгүй яахав. Бүрэн боломж байна. Малчид маань өөрсдөө тэр боломжуудыг олж харахгүй байна, ер нь бид хаа хаанаа хуучирсан сэтгэлгээ хандлагаасаа салж чадахгүй яваад бас их учир бий. Малчдын эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэхийн хэрээр том эдийн засагт эерэг нөлөөтэй. Малчдаа нэн түрүүнд мэдлэг мэдээлэлтэй, илүү боловсролтой болгох хэрэгтэй нэн шаардлагатай болчихоод байна. Үүний тулд манай Төрийн бус байгууллага үндсэн гурван чиглэлээр ажилладаг. Тухайлбал, малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх ёстой. Мөн Монгол орны цаг уур, байгалийн онцлогт таарах, тэр тусмаа малчны хотонд тохирсон хамгийн ашигтай бизнес загвар танилцуулан санал болгож буй. Харин эцэст нь малчид бизнес хийхтэй холбоотой эх сүргээ бэлдэх, малынхаа чанар чансааг сайжруулах, үржил селекцийн ажлын мэргэжлийн зөвлөгөө өгөх гэсэн үндсэн гурван чиглэлд ажиллаж байна. Энэ тухай малчдад зориулж "Малчин бизнесмэн” гарын авлагыг хэвлүүлж, одоогийн байдлаар 1500 орчмыг малчны гар дээр тараасан байна.
-Сургалтын ажил маш чухал байх шүү.
-Тэгэлгүй яахав. Хамгийн чухал асуудал. Зөвхөн малчид гэлтгүй нийгмээрээ сэтгэлгээ хандлагаа өөрчлөх цаг аль хэдийн болчихоод байдаг. Цаг хугацаа нисээд байдаг. Харин бид хөгжлөөс хоцорсоор байгаа нь том асуудал шүү. Энэ сэтгэлгээ хандлага гээч зүйл өөрчлөгдөөгүй цагт юу ч ярьж, ямар ажил хийгээд үр дүн багатай. Сайшаалтай нь малчид сургалтад маш сайн хамрагдаж байна. Хөдөөгийн иргэдийн нийтийн хурал, багийн дарга нар манайхтай хамтран ажиллах саналууд их тавьж байгаа. Малчид ганц нэгээрээ холбогдох нь ч бий. Өчигдөр гэхэд л "Хотод малчны зөвлөгөөн болох гэж байгаа юм байна, танайх сургалт хийх үү” гээд Архангайгаас утасдаж байх жишээтэй. Ер нь миний утас малчдын лавлах утас болсон доо.
-Хоёулаа цаг үеийн асуудалдаа эргээд оръё. Махны үнийн асуудлыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Зарим хэсэг импортын хориг тавьснаар махны үнэ буурна гэж үзэж байгаа.
-Хүмүүс Засгийн газар хориг тавьж байж л махны үнийг буурууллаа гээд, баярлаад байх юм. Та бод доо. Жилийн жилд идэш хийх цагаар мах элбэгшдэг, бас хямдардаг. Айлууд савныхаа багтаамж, санхүүгийн боломждоо тааруулан идшээ хийдэг. Ажилтай нэг нь борцолж хатаана. Тэр нөөцөө өвөл, хавар, зундаа иднэ. Нийлүүлэлт, худалдан авалтынхаа харьцааны зарчмаар л мах дотоодын зах зээл дээр хямдарч байна. Гэхдээ одоохондоо. Сайд, дарга нар ухаантай мундагтаа хориг тавиад махны үнэ буулгаад байгаа зүйл огтхон ч байхгүй. Харин ч тэд энэ байдлыг ашиглан хувийн эрх ашгаа махны бизнест шургуулж, малчдын мах борлуулах зах зээлийг хумьж, төрийн нэрээр далайлгаж өрсөлдөгчгүй бизнес хийн, өөрсдөө өндөр ашиг олж,байгаа. Ийм болохоор л бид малчдынхаа "Малаа зарж, мөнгөтэй болж өвөл, хавартаа бэлдмээр байна” гэсэн дуу хоолойг төр засагт нь дамжууллаа.
-Манай улсын хүн амын гуравны нэг нь мал аж ахуйн салбартай холбоотой. Тэгэхээр малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх ажил үнэхээр чухал шүү.
-Малчдыг уламжлалт нүүдлийн соёл ахуйгаа хадгалах соёлын өв тээгч байхын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн харилцаанд илүү эрх чөлөөтэй, нээлттэй, тодорхой байр суурьтай, хүчирхэг оролцогчид байх боломжийг нь нээж өгч, малчин бүр мэдлэгт суурилсан бизнесмен болох, малчин өрх бүр чинээлэг дундаж давхарга болох гээд ямар их боломж байгааг таниулж ойлгуулах нь бидний ажлын гол зорилго. Хүмүүс "Загасыг өгөх бус барих аргыг нь зааж өгье” гэж ярьдаг. Нөгөө талаасаа бид малчдынхаа дуу хоолой болохыг хүсэж байна. Ажил, амьдралын эрхээр уул уулын аманд нутаглаж байгаа малчид дуу хоолойгоо нэгтгэж, эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан хийгээд гүйгээд байх боломж нь хязгаарлагдмал. Энэ байдлыг далимдуулж бизнесийн эрх чөлөөг нь боомилдог байж болохгүй. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улстөрийн тоглолт хийдэг байж болох уу? Тиймээс бид өөрсдөө малчин айл руу очиж ярилцан санал бодлыг нь нэгтгэж, олон нийтэд дамжуулсаар байх болно.
-Мах малчны орлогын гол эх үүсвэр бол хот суурин газрын иргэдийн өрхийн төсвийн гол жинг дардаг бүтээгдэхүүн. Тиймээс махны үнэ хямд байх ёстой гэсэн улс төр яваад байгаа байх.
-Үнэхээр махны үнэ танай өрхийн санхүүд дарамт болоод байгаа бол хоолныхоо махны орц хэмжээг танах арга хэмжээ авч болно. Айлын тогоо руу өнгийх муухай. Гэхдээ бид Coca Cola, SNICKERS-ийг хямд байх ёстой гэхгүйгээр л худалдаж авдаг. Тэгэхээр махны үнийн тухайд малчидтай зах зээлийн зарчмаар наймаалцах нь шударга. Юунд төр засгийн шийдвэрээр далайлгаж, хүчээр зохицуулалт хийгээд байгаа юм бэ? Малчин Дорж, Дулмаа таны хийсэн талх, оймсыг таны хэлсэн үнээр л авдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг сургуулиас тогтоосон жишгээр л төлдөг. Монголчууд бид нэгэнт 30 жилийн өмнө ардчилсан, чөлөөт нийгмийг сонгочихсон юм бол сонгол тондоо үнэнч, итгэл үнэмшилтэй л байх хэрэгтэй гэж би боддог.
-Малчдын дуу хоолойг төр засагт дамжууллаа гэлээ. Та ер нь өөрөө малчны ахуй амьдрал хэр мэддэг хүн бэ?
-Чинээлэг малчин хөтөлбөр их олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэн явж байна. Тэгэхээр та зөвхөн надаар дамжуулж дүгнэх гэж битгий оролдоорой. Саяхныг хүртэл би малчдын талаар ойлголт, мэдлэг маш бага байсан. Хавар, зун, намар гээд жил тойрон Дорноговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар явж, малчин айлуудаар орлоо, малчидтай ярилцлаа. Малд ч нүдтэй болдог юм байна. Малчны хотонд аз жаргал, амар сайхан, асуудал, гарц шийдэл бүгд л байна. Миний хувьд аль эрт гэрээсээ гараад хотод суурьшчихсан хөдөөгийн залуугаас дутахааргүй л хөдөөний зах зухтай болчих шиг боллоо шүү. Дээр нь нэмээд хэлэхэд би чинь хөдөө гадаа өвөө эмээдээ "хаягдаж” өссөн Монгол хүн шүү дээ.
-Тиймдээ. Монгол хүнд малч ухаан төрөхөөс заяасан өгөгдөл байх.
-Бидний хийж байгаа ажлын гол суурь нь эх сүргийн чанарыг сайжруулах юм. Тийм ч учраас малын чанар сайтай зүүн аймгуудаар явж, энэ жилийн төл малаас сонгож 500 хуцан хурга худалдаж авсан. Улмаар Говьсүмбэр аймгийн малчидтайгаа гэрээ байгуулж хуцан хургануудаа өгсөн. Энэ ажлыг хийгээд өдөржингөө хотон дотор хурга жинлээд, шинжээд байхаар чинь нүдэн баримжаа айхтар хөгждөг юм байна. /инээв/
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.