Өвсөө бэлдээгүй малчдад цэцэрлэгийн багачууд өртэй юу?
Сурагчдаас хандив нэртэй татаас авдгийг зогсооё
Малчны хотонд төлийн дуу цангинадаг их ажлын үе айсуй. Гэвч малчид өнөө л жилийн жилд ярьдаг өвөлжилт хүндэрсэн, өвс тэжээл дутсан, мал зүй бусаар хорогдсон зэрэг түмэн зовлон тоочсоор энэ үетэй золгож байна. Өнгөрсөн сарын байдлаар манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, найман аймгийн 45 суманд зудархуу нөхцөл байдал үүсжээ. Малын зүй бус хорогдлын тоо ч өмнөх жилүүдээс өсөх төлөвтэй.
Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай байсан тул өвөлжилт хүндэрнэ гэдгийг цаг уурын байгууллагаас нэн эртнээс олон дахин анхааруулж байсан. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрөх бэлтгэлээ сайтар базааж чадалгүй "гал алдсан” хэсэг нь бусдаас өвс тэжээл, нэмнээ, хоол хүнсний тусламж гуйсаар л. Улсын нөөцийн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 8000 тонн өвс үнэгүй тарааж, 6500 тонныг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарж эхэлсэн.
Гэтэл тал үнээр нь өгье гэхэд заавал үнэгүй авна гэх малчид цөөнгүй байна гэх яриа чих дэлслээ. Дээр нь "хөөрхий” малчдад туслах төрөл бүрийн аян орон даяар цэцэрлэг, сургууль, албан газруудад өрнөж эхлэв. Нийслэлийн 31 дүгээр сургууль дунд ангийн сурагчдаас тус бүр нэг кг гурил авчрахыг шаардсан бол олон сургууль нэмнээ хандивлах аян өрнүүлж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Хахир өвөл, халуун сэтгэл” нэртэй аян зохион байгуулж, цэцэрлэгийн хүүхэд бүрийг 1000-аас дээш төгрөг хандивлах лүндэн буулгасан байх юм. Аль социализмын үед л ийнхүү сургуулийн сурагчдаас нэмнээ, лаа, шүдэнз зэргээр хандив нэхдэг байсан. Авчраагүй нэгнийг нь самбарын өмнө зогсоож, бэлтгэлээ базааж чадаагүй малчны өмнөөс нүүрийг нь улалзуулдаг байдал өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Хүүхдүүд малчдад ямар өртэй болоод ийнхүү бусдын өмнө ичгүүртэй байдалд орох ёстой гэж. Өнчин өрөөсөн, өвчин зовлонтой, өлсөж цангасан хүүхдэд ийм, тийм малчин ингэж тэгж тусалжээ гэж нэг ч удаа дуулдаж байсангүй. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдийн эрх хаа сайгүй зөрчигдсөөр байхад малчид хэрхэн тусалж, яаж өглөгийн гараа сунгасан бэ гэж амыг нь асуумаар байна. Малчид гэхээр л ядарсан зүдэрсэн улс байдаг юм биш. Малаа жийп машинаар хариулдаг мянгат малчдад нийгмийн хариуцлага гээд хийж, бүтээсэн зүйл үнэндээ алга. Тэгсэн атлаа цэцэрлэгийн балчир үрсээс тусламж нэхэх нь "ариун явдал” юм уу. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэхдээ энэ нь иргэдээс ийнхүү хандив нэртэй татаас авна гэсэн үг биш байлтай. Өмнө нь малчид мах, сүүгээ улсад тушаадаг үе байсан.
• Цэцэрлэгийн хүүхдүүдээс 1000-аас дээш төгрөгийн хандив цуглуулах лүндэн буулгажээ.
• Хүүхдийн эрх зөрчигдсөөр байхад малчид яаж тусалж, өглөгийн гараа хэрхэн сунгасан бэ гэж амыг нь асуумаар байна.
• Өвөлжилт хүндрэхийг мэдсээр байж зунжин зугаалдаг дарга нарын хариуцлагагүй байдлыг ярихгүй үлдээж боломгүй.
Харин өнөөдөр малынхаа ашиг шимийг малчин нь өөрөө л хүртдэг болоод 30 орчим жил өнгөрч байна. Хэрэв малчид малынхаа ашгийг дангаараа хүртэж байгаа бол эрсдэлээ ч мөн дангаараа үүрэх ёстой. Гэтэл ийнхүү жилийн жилд бусдын нуруун дээр дарамт нэмж, авах ёстой юм шиг аашилдаг бэлэнчлэх сэтгэлгээг халмаар байна. Гэхдээ үүний цаана өвөлжилт хүндэрнэ гэдгийг мэдсээр байж зунжин зугаалж, намаржин найр хэсэж явсан дарга нарын хариуцлагагүй байдлыг ярихгүй үлдээж боломгүй. Малчдаа өвс, хадлангаа ахиухан базааж, отор нүүдлээ сайтар төлөвлөхийг шахаж шаарддаг аймаг, сумын Засаг дарга нүдний гэм болжээ. Дэлгэр цагт өвс хадлангаа бэлдээгүй малчдынхаа өмнөөс гараа тосож, бусдын тусламжид дулдуйддаг нь хэтэрхий олон. Мал сүрэг зуд турханд хорогдож буй нь өөрийнх нь ажлын хариуцлага алдсаных гэдгийг огт ухаардаггүй. Тэгээд ч зудад зутарсан малчдад зориулсан эдгээр тусламж, хандив эзнээ олж очдог эсэх нь ч эргэлзээтэй. Тусламж суманд очлоо гэхэд хэдэн дарга, даамал эсвэл эрх баригч намын гишүүн нөхөд хуваагаад авахыг хэн ч үгүйсгэхгүй. Үүний араас хэн ч нэхэл хатуутай хяналт тавьдаггүй. Үнэндээ малчид цалинтай ажилтныг бодвол төрөөс багагүй хөнгөлөлт эдэлдэг. Өнгөрсөн онд гэхэд малчдын зээлийн хүү 20 гаруй хувь байсныг 10 болгож бууруулсан. Үүний эх үүсвэрт улсын төсвөөс 70 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
Мөн 2016 оны байдлаар малчдын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгал төлдөг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулснаар энэ оны улсын төсөвт 45 тэрбум төгрөг нэмж тусгасан. Манай орны малын тоо, толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 66 саяд хүрээд байгаа. Мянгат малчдын тоо 10 мянгыг давсан бол 2000- аас дээш малтай өрхийн тоо 700-д хүрч нэмэгдсэн. Гэсэн ч малчдын олон нийтээс авч буй хандив, тусламж нь нимгэрсэнгүй. Бусдад тусалдаггүй юмаа гэхэд ядаж өөрсдөө амиа даагаад явах хэмжээнд өвлийн бэлтгэлээ базаадаг болмоор байна, малчид аа. Зуны зугаалгаа хугасалж, өвс, тэжээлээ бэлдмээр байна, дарга нар аа. Тэнд нэг залхуу, залхаг малчны мал идэх өвсгүй байгаад энд суугаа бид ер нь ямар буруутай юм бэ.
"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН