УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, үр дүнгээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд манай улсын ХАА-н салбар ДНБ-ий 18.0 хувийг бүтээдэг төдийгүй энэ салбар нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувийг хамардаг. Цаашид эдийн засгийн бүтцийг солонгоруулахад ХАА-н салбар, түүний дотор МАА-н салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
Ерөнхий сайд цааш хэлэхдээ, "Өнгөрсөн оноос малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол ирэх оноос эхлэн малчнаар ажилласан 1 жилийг нэг жил 2 сараар тооцдог болж байна. Түүнчлэн малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг энэ оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдсан аж.
Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулалд 2015 оны байдлаар нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Үүний зэрэгцээ 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод буй. Өнгөрсөн онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортолжээ.
Засгийн газар энэ оны эхнээс "Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, "Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж буй. Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг өнгөрөгч 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буурчээ. Одоогийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна" гэв.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
2 сэтгэгдэл