“Samsung” эвхэгддэг шинэ гар утсаа ирэх сард танилцуулна
БНСУ-ын "Samsung” компанийн ирэх сард танилцуулах шинэ загварын эвхэгддэг гар утас 2 сая вон буюу 1710 ам.доллараас хямд байх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
"Samsung” хавтаст хясаа шиг эвхэгддэг "Galaxy Z Flip” гар утсаа АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод ирэх хоёрдугаар сарын 11-нд зохион байгуулах "Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Шинжээчдийн таамаглаж буйгаар, "Galaxy Z Flip” гар утас "Samsung”-ийн анхны эвхэгддэг гар утас болох "Galaxy Fold”-оос /2000 орчим ам.долларын үнэтэй/ хямд байх төлөвтэй байгаа нь уг салбарын өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотой ажээ. Харин "Samsung” компанийн хувьд "Galaxy Z Flip” гар утасны үзүүлэлт болон үнийн талаар албан ёсны мэдээллийг олон нийтэд хараахан танилцуулаагүй байна.
Дэлхийн гар утас үйлдвэрлэгч томоохон компаниуд эвхэгддэг загвартай гар утасны салбарт хэдийн хөл тавьсан бөгөөд өнгөрсөн онд "Mate X” утсаа худалдаанд гаргасан "Huawei” уг утасныхаа дараагийн загварыг ойрын хугацаанд худалдаанд гаргах төлөвтэй байна. Мөн "Motorola” компани "Razr” хэмээх эвхэгддэг гар утасныхаа урьдчилсан захиалгыг энэ долоо хоногоос авж эхлэх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.