"Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ” төрийн бус байгууллага”, "Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар цахим хаягаараа "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийн шинжилгээг хийж байсан 28 лабораториос 15 нь чанарын шаардлага хангаагүй талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр "Хаппи веритас” , "Ай Ти”, "Итгэл”, "Онкоген”, "Евростандарт”, "Гялс” төв нарын зэрэг 15 лабораторид үнэлгээ хийхэд чанарын шаардлага хангаагүй байсан талаар дурдсан юм.

Бид энэхүү асуудлын мөрөөр сурвалжиллаа. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Хаппи веритас” эмнэлгийн ерөнхий захирал С.Дүүриймаас тодруулга авсан юм.


-"Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "Хаппи веритас”, "Ай Ти”, "Итгэл” зэрэг олонд танигдсан, үйлчлүүлэгчидтэй болсон лабораториудыг чанарын шаардлага хангаагүй, шинжилгээний хариу нь худлаа гардаг гэх мэдэгдэл хийлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өчигдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ асуудал дээр тайлбар өгсөн байна лээ. Тэр дүнг Эрүүл мэндийн яам ч хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүл мэндийн даатгалын газрын өмнөх удирдлага, одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхрийн үед "Оном” сантай хамтарч дүгнэлт хийснийгээ цахим хаягаараа мэдээлж байсан. Мэдэгдэл хийсэн "Оном” сан, "Элэг” төвийн тэргүүн Д.Наранбаатар бол эрүүл мэндийн салбарын хүн биш. Физикч мэргэжилтэй хүн. Тэр хүн өөрийнхөө мэргэжлээр амжилтгүй ажиллаад эрүүл мэндийн салбарт юу ч хийж яваа юм бүү мэд. Эрүүл мэндийн салбарын гаднах хүн. Өөрөө хувийн бизнесүүдтэй. Бизнесүүдийнх нь нэг "Элэг” төв. Үүгээрээ дамжуулаад улс төрийн шинжтэй ажиллагаануудыг энэ салбарт хэрэглэдэг хүн. "Элэг бүтэн Монгол” гэж хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний B,С вирусийн шинжилгээ хийсэн зардлыг улсаас тодорхой хэмжээгээр нөхөж авдаг. Хөтөлбөрийн явцад "Хаппи веритас”-т л олонх хүмүүс шинжилгээ өгч байсан л даа. Д.Наранбаатарын "Элэг” төв дээр хүн очихгүй болохоор л шинжилгээ хийдэг төвүүд дээр дүгнэлт хийнэ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмнөх даргатай нийлж байгаад ажлын хэсэг байгуулаад шалгана гэж лабораториудаар явж эхэлсэн. Манай төв дээр ирэхэд нь "Та мэргэжлийн бус хүн. Манай ажлыг Эрүүл мэндийн яам, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газраас шалгаж яваа бол би ойлгоно. Та бид хоёр ижил төстэй үйлчилгээ явуулдаг. Бие биенийхээ ажлыг шалгахгүй ээ. Шалгуулах ёстой хүн нь шалгах багт ороод явж таарахгүй ээ. Чи энэ ажлаас гар. Мэргэжлийн хүмүүс нь шалга” гэж хэлсэн. Манайхтай нийлээд 15 газарт дүгнэлт гаргуулаад "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоочихсон байна лээ. Нэг үгээр хэлэхэд, мөнгөний төлөө өрсөлдөгч нарыгаа "нухах” ажиллагаа хийж байгаа юм.

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "Хаппи веритас” , "Гялс” төв зэрэг 15 газарт 1.5 тэрбум төргөгийн торгууль тавьсан байна лээ?

-Манай үйл ажиллагааг шалгаагүй байж 700 орчим сая төгрөгийн акт тавьсан байсан. Хууль бус ажиллагаа шүү дээ. Төрийн албан хаагч хувийн сектор шалгаад явж байгаа биш. Эрх ашгийн зөрчилтэй ажлын хэсэг байгуулчихаад акт тавиулж байгаа нь хууль бус гэж үзээд шүүхэд өгсөн. Шүүх дээр энэ асуудал шалгагдаад явж байгаа. Шүүх хурал нь өнөөдөр болох байсан ч нотлох баримт дутуу гэх зэрэг шалтгаануудын улмаас хойшлогдож байх шиг байна. Шүүх хурлын өмнөх өдөр, шүүх, олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байгаа нь цаанаа өөр зорилготой ч байж болно.

Манайх бол мэргэжлийн байгууллага. Тангараг өргөсөн эмч нар ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаад явж байгаа мэргэжлийн байгууллага.

-Элэгний В,С вирусийн шинжилгээг зөв хийж байгаа гэсэн сертификат байна уу?

-Энэ төрлийн үйл ажиллагаа явж байгаа лабораториудад жилд нэгээс хоёр удаа гадаад хяналт хийдэг. Гадаад хяналтыг ХӨСҮТ-өөс шалгадаг. ХӨСҮТ хамтарч ажилладаг Австралийн олон улсын байгууллагаар баталгаажуулдаг. Манай байгууллагын шинжилгээ зөв буруу гэдэг олон улсын байгууллагаар баталгаажина уу гэхээс тэнд нэг мэргэжлийн бус хүн лайв хийгээд тогтооно гэсэн асуудал байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сард манайд гадаад шалгалт орсон. Зөрчилгүй гарсан гэв.

Өдгөө авлигын хэрэгт холбогдоод буй Д.Алтанхуяг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед ажлыг хэсэг гаргаж лабораториудад шалгалт явуулж дүгнэлт гаргаж 15 лабораторийн эрхийг түдгэлзүүлж, 1.5 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Энэ асуудал өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна.

Бид "Ай Ти” лабораторийн албан тушаалтнаас тодруулга авлаа.


-"Ай Ти” лабораторийн шинжилгээ чанарын шаардлага хангаагүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Д.Наранбаатарын өрсөлдөгч лабораториудаа унагаж, ганцаараа бүх мөнгийг авах гэсэн арга. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Энэ асуудал шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Эрүүл мэндийн яамнаас ч энэ мэдээллийг үгүйсгэсэн байна лээ. Энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ гэв.

Лабораториудад акт тавьж, чанарын шаардлага хангаагүй гэх асуудлаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл "Энэ ташаа мэдээлэл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид шалгалт хийгээгүй. 2016 онд 22 лаборатори шалгаруулж, B, C вирусийг илрүүлэх шинжилгээ хийх эрхийг олгосон. Энэхүү 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Бичээд байгаа 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан тухай асуудал байхгүй. Энэ талаар ирэх баасан гаригт мэдээлэл хийнэ” гэв.

ЭМДЕГ-аас энэ асуудалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус газрын Тамгын газрын дарга Г.Энхбаяр "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудыг шалгасан. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Тиймээс 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, "Хаппи веритас”, "Ай Ти” болон "Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьсан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн 15 лабораторийн В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн. Харин шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан "Меданалитик”, "Протлаб", "Гялс" зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.