УИХ-д улирааж болохгүй гишүүд: "Хутгалчихаад скочдох" Х.Нямбаатар
УИХ-д улираан сонгож болохгүй гишүүдийн нэгээр энэ удаа Х.Нямбаатарыг нэрлэж байна.
Дүүргийн ИТХ-ын даргаас УИХ-ын гишүүн болж суга дэвшсэн хуульч мэргэжилтэй энэ залуу сүүлийн гурван жил гаруйн дотор хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг утгаар нь самарч байна.
"Ах хүү” Ц.Нямдоржтой хавсайдаж захиргааны шүүхийг үгүй хийсэн /Засгийн газрын байгууллагуудыг захиргааны шүүхийн хяналтаас гаргасан нь цаашдаа энэ шүүх байх үгүйн асуудал болж хувираад байна/ Х.Нямбаатар нар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрүүгийн хуульд долоон удаа өөрчлөлт оруулжээ. Үг үгээр, заалт заалтаар нь сэм засаад явсан байх юм.
Хамгийн сүүлд малын хулгайд оногдуулах ялыг чангатгаснаа "өнчин ишиг хулгайлсан ч ялтай боллоо” хэмээн ид хав болгон зарлаж байгаа. Уг нь бол мал ч гэсэн өмчийн нэг хэлбэр. Хувийн өмчид хууль бусаар халдах нь эрүүгийн гэмт хэрэг мөн бөгөөд түүнд оногдуулах ялын хэмжээ ч мөн ялгаварлалгүй байх ёстой. Гэтэл одоо мал хулгайлах нь "хүн хулгайлахаас” хүнд ялтай болж байгаа юм байх. "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэж Үндсэн хуульдаа заасан учраас тэр гэнэ. Хүн нь тэр хамгаалалтад байдаггүй юм шиг...
Түүний анхны томоохон "хулгай” 2017 онд баталсан Эрүүгийн хуулиар хийгдсэн байдаг юм. 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийг сонгуулийн дараа татаж аваад 2017 оны тавдугаар сард эхний өөрчлөлтийг оруулсан. Энэ өөрчлөлтөөр хамгийн том хулгайнууд хийгдэж Х.Нямбаатар гэдэг хүн гол үүргийг гүйцэтгэсэн байдаг юм. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэж байх үед Ц.Даваасүрэн гишүүн түүнд хэлж байсан. "Эрүү, Зөрчлийн хууль чамд томдоно. Ц.Нямдорж дуугараагүй байхад чи юу юм? Битгийн хүний гар хөл болоод бай" гэж.
Гэсэн ч мань хүн ухралгүй зүтгэсээр байж Цэцийн дарга Д.Одбаярын Монголоо дэлхийд гайхуулсан "бэлгийн дарамт учруулах”, ЖДҮ-чдийг хуулийн хариуцлагаас чөлөөлсөн "албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” зэрэг гэмт хэргүүд Эрүүгийн хуулиас хасагдаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн билээ.
Сая намрын чуулганы хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж олгож болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр гэмтнүүд гэсгээлийн гадна үлддэг явдлыг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хийж чадлаа” гэсэн байна лээ. Гэвч үнэн хэрэгтээ ял завших боломжийг олгосон эзэд нь МАН-ынхан өөрсдөө.
Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуульд "гэмт хэрэг илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор” хуульчилсныг 2016 оны сонгуулийн дараа МАН татаж аваад хөөн хэлэлцэх хугацааг "анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолохоор” өөрчилсөн билээ. Ингэснээр авлига, албан тушаалын хэргүүд шүүхийн шатанд дахин дахин буцсаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж, ял завшдаг байдал бий болсон. Одоо гэтэл түүндээ хагас дутуу засвар оруулаад "шударга ёсыг тогтоочихлоо” гэж ярих нь манай нэг нийтлэлчийн хэлснээр "хутгалчихаад скочдох” гэдэг болж байна л даа.
Мөн Эрүүгийн хуулийн 22-р зүйлд байсан "албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах” заалтыг хассанаар өөрөө шийдвэр гаргаагүй ч шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нөлөөлөх замаар ашиг олдог, өөрт болон бусдад давуу байдал олгодог "ЖДҮ зээл хулгайлах” гэх мэт гэмт хэргүүд ял, хариуцлагагүй болсон билээ. ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр УЕП-оос таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирэхэд УИХ "түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө шийдвэр гаргадаггүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж зүтгэсэн. Эцэст нь зээл олгосон сангийн ажилтнууд ял аваад өнгөрсөн билээ.
Үнэн хэрэгтээ "Шударга тав” гэж өөрсдийгөө рекламдаад яваа "индрийн" таван гишүүний нэг болох Х.Нямбаатар өөрөө ч ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой. ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан "Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталааг хангуулахын тулд Х.Нямбаатар ХУД-ийн "Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. Х.Нямбаатар ганцаараа ч биш, "Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний төрсөн дүү Х.Нямаа, Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар зээлийн барьцааг гаргаж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ. Өөрөөр хэлбэл "Өгөөдэй Ази” компанийн авсан зээлийн ард Х.Нямбаатар гишүүн өөрөө бий гэсэн үг.
Гэтэл ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирээд, УИХ-ын гишүүд бөөн бөөнөөрөө АТГ-ын үүдэдд дугаарлаад эхлэнгүүт УИХ-ын гурван гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар индрийн өмнө гарч ирээд "ЖДҮХС-г шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцохын тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг” шаардсан. ЖДҮ-г шалгана гэсэн гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэдэг болсон.
Сангаас зээл авсан компани (иргэнээс) Ж.Батзандан гишүүний данс руу 200 сая төгрөг орсон баримт тухайн үед хэвлэлээр цацагдаж, "ЖДҮХС-г шалгахаасаа өмнө та эхнэрийнхээ дансанд орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлана уу” гэхэд мань эр "Шударга байхаар гүтгэж байна. Шантрахгүй, зогсохгүй” гэж бултсаар өдий хүрсэн дээ. "Индрийн таван гишүүн" ба Х.Нямбаатар нар тогтоож байна. УИХ-д улирааж болохгүй гишүүд...
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn