Данс нээлгээгүй үлдсэн иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар нь дамжуулан шилжүүлнэ гэв
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 5.1 их наяд төгрөгөөр авч байгаа арга хэмжээ хүн бүхэнд хүрч үр өгөөжээ өгөх ёстой. Ингэхийн тулд зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, хугацааг уртасгахтай холбоотой хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Дэлхийн улс орнууд урьд өмнө нь авч байгаагүй том арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа. Амаргүй энэ үед Монголбанк дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Бодлогын хүүгээ нэг оронтой тоонд буулгах онцгой нөхцлийн арга хэмжээ авах ёстой. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүүг бууруулах дорвитой арга хэмжээ болно гэж харж байна.
Мөн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэрхэн олгох гэж байгаа талаар Сангийн сайдаас тодруулъя. Түүнчлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургуулийг татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэж бүлгээс шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор оюутнуудын төлбөрийг хөнгөлөх санал гаргаж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ногдол ашиг тараахтай холбоотойгоор 340 орчим мянган иргэн данс нээлгэсэн юм билээ. Тэдгээр иргэд нээлгэсэн дансаараа дамжуулаад "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг авна. 2,511,000 иргэн нийт 120 тэрбум төгрөг авна. Мөн 686 ААН ногдол ашиг авна.
Харин данс нээлгээгүй үлдсэн иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар нь дамжуулан шилжүүлнэ гэдэг байдлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.