Н.Цогбадрах: Хүнээс амьтанд коронавирус халдах эрсдэлтэй
Дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаад буй энэ үед вирус хүнээс хүнд халдсан тохиолдлууд дийлэнхи хувийг эзэлсэн. Үүний сацуу голомтлон тархаж буй улс орнуудад муур болон амьтны хүрээлэнгийн бар зэрэг амьтад вирусын халдварыг аваад буй. Коронавирус амьтнаас хүнд халдварлаж болох талаар ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.
-Сүүлийн үед гэрийн нөхцөлд амьтан тэжээх хүн их болсон. Харин цар тахлын энэ үед олон нийтийн дунд гэрийн тэжээвэр амьтдаар дамжин коронавирус халдах эрсдэлтэй гэх эх сурвалжгүй мэдээллүүд гарсаар байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг олон нийтэд өгөхгүй юу?
-Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаас эхлэн өөрсдийн олон төрлийн шаардлагадаа зориулан амьтдыг тэжээж, гаршуулан сургасан байдаг. Тэдгээрийг нэг ёсондоо гэрийн тэжээвэр амьтан гэж үздэг шүү дээ. Гэрийн нөхцөлд амьтан тэжээснээрээ амьтан хүн хоёр хоорондоо нягт холбоотой болж байдаг. Иймдээ ч байгаль дээр нэг дор оршин байгаагийн хувьд бие биедээ халдвар дамжуулж тараах эрсдэл байдаг. Тухайлбал, мал, амьтнаас хүнд халддаг өвчнийг зоонозын гаралтай өвчлөл гэдэг. Харин одоогийн коронавирусын нөхцөлд хүнээс гэрийн тэжээмэл амьтанд вирус халдсан тохиолдлууд дэлхий нийтэд гарсан. Мэргэжилтнүүд Ковид19 вирусийг нэг амьтнаас нөгөөд агаар дуслаар дамжиж болно гэж үзэж байгаа.
-Дэлхий нийтэд коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол хоёр сая гаруй бүртгэгдээд байна. Халдвар амьтнаас хүн рүү чиглэн халдварлаж болох уу?
-Монголд амьтан коронавирус авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор зөвхөн гадаадын орнуудаас хүнээр дамжин вирус орж ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн байгаа шүү дээ. Иймд одоогийн нөхцөлд хүнээс амьтанд халдварлах магадлал нь илүү өндөр байгаа учраас иргэд өөрсдөө анхааралтай байх нь чухал. Амьтдад хяналт тавь гэдэг маань вирус эзнээсээ тэжээвэр амьтанд халдах эрсдэлтэй гэдгийг хэлж байгаа юм. Ер нь коронавирусын энэ үед ч гэлтгүй бусад цагт гэрийн тэжээмэл амьтдын эрүүл мэнд, арчилгаа, вакцинжуулалтад анхаарах ёстой.
-Хэрэв хүнээс амьтанд халдах замаар вирусыг дамжсан тохиолдолд ямар сөрөг үр дагавартай вэ?
-Амьтдын дунд вирусийг алдчихвал халдварыг тогтоон барина гэдэг асар хүнд болох болно. Вирус нь хүнээс хүнд гэлтгүй тэжээвэр амьтан, цаашилбал, бусад амьтдад халдварлах аюул үүсэх юм.
-Халдвараас гэрийн тэжээвэр болон бусад амьтдаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг ямар байдлаар авбал зохистой вэ?
-Гэрийн тэжээвэр амьтдаа халдвар авахаас сэргийлэх, түүнээс урьдчилан сэргийлэх байдлыг онцгой анхаарах цаг болсон. Амьтдаа ажиглах шаардлагатай. Нью-Иоркийн амьтны хүрээлэнгийн бар халдвар авсан үедээ тодорхой шинж тэмдгүүд зовиурыг үзүүлсэн байсан шүү дээ. Жишээлбэл, хоолондоо дургүйлхэх, хуурай ханиалгах, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрсэн гэдгийг мэдээлсэн байдаг. Энэ мэт ямарваа нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай мал эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн тэжээвэр амьтантайгаа харьцахдаа амны хаалт, бээлийг хэрэглэж, хоол идэх сав суулга болон орчныг ариутгалын бодисоор тогтмол ариутгаж, халдваргүйжүүлэлтийг хийж байх нь зохистой. Гадуур салхилуулахдаа бусад нохой, мууртай ойртуулахгүй байх хэрэгтэй. Учир нь вирусын тархалттай үед амьтнаас амьтанд халдах тохиолдол ч байж болох тал бий. Хүнд ямар хөл хорионы дэглэм тавьж байна түүнтэй адилаар амьтаддаа анхаарал хандуулж байж амьтдын дунд халдвар тархахаас сэргийлж чадна.
-Гэр хорооллын нөхцөлд нохой болон мууртай айлууд хэрхэн халдвар болон бусад өвчлөлөөс сэргийлэх боломжтой вэ?
-Гэр хорооллын айл бүр нохой, мууртай байх нь элбэг. Мөн эзэнгүй муур, нохойнууд олшрох болсон. Тэдгээр нь хөрс, агаар дуслын замаар өвчлөлийг дамжуулах эрсдэлтэй байдаг учраас гэр хорооллын нөхцөлд нохойгоо аль болох байнга уяатай байлгах, бусад амьтадтай ойртох боломжийг нь тодорхой хэмжээнд хаах хэрэгтэй.
-Халдвар тархсан тохиолдолд тухайн амьтны эзэнд ямар хариуцлага оногдох вэ?
-Амьтны эзэн хүн өөрөө хариуцлагатай байх нь чухал. Гэртээ амьтан тэжээхээр шийдсэн бол паспорт авах, мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулах, туулга, вакцинд нь байнга хамруулах гэх мэт наад захын үүргээ мэддэг ухамсартай байх хэрэгтэй. Мөн гэрийн тэжээвэр амьтадтай хэрхэн харилцах тал дээр мэдлэгтэй, дадалтай байх хэрэгтэй юм.
Ц.Янжиндулам
Сэтгэгдэл байхгүй байна.