Миний тойрог аль нь билээ
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр тойргоо тордож, урьдчилгаа 100 сая төгрөгөө төлж, С.Эрдэнэд ая тал засан, ёстой л нөгөө "Суу гэсэн газар нь сууж, бос гэсэн газар нь босч” явсан олон горилогчид хоосон үлдэж, тэрбумтангуудад тойргоо булаалгасан гомдол нь тасрахгүй байна.
Эдгээр гомдогсдын хажуугаар бас төөрөгчид гарч ирж бөөн будлиан тарьж эхэлжээ. Учир нь нэр дэвшүүлэх үеэр гэнэт Б.Хурц гарч ирж, С.Эрдэнийн хажуугаар чихэлдэж, тойрог хуваах ажилд орж, баахан үймүүлж орхиж, Эрдэнэтийн 49 хувь гэж нэрлэгдэх болсон Ц.Элбэгдоржийн фракциас гэхэд л 20 хүнийг Б.Хурц дуртай тойрог дээрээ нэрийг нь зоож орхижээ. Үүнээс үүдэн хэн хаана нэр дэвшснээ мэдэхгүй төөрч орхих нь тэр. Булганаас нэр дэвшихээр бэлтгэж байсан О.Батханд хэзээ ч очиж үзээгүй Говь-Алтай аймаг руу шидэгдэж орхив. О.Батханд Говь-Алтайг мэдэхгүй, Говь-Алтайн АН-ынхан нь О.Батхандыгаа танихгүй баларч байгаа сурагтай.
Хотын хөгжил, гэр хорооллын барилгажуулалт гэж ганц ярьдаг Э.Бат-Үүлийгээ ядарсан дээр нь” нухах” гэсэн юм шиг Хэнтий аймаг руу цөлж орхив. Хэнтийн хэдэн буриадад л найдахгүй юм бол Э.Бат-Үүлд ямар ч шаанс үлдсэнгүй. УИХ-ын гишүүн болж, ялтай хэрэг, ядаргаатай хэл амнаасаа салах гэсэн Э.Бат-Үүл яахаа мэдэхгүй гайхаж сууна.
Хан-Уул дүүрэгт нэр дэвших гэж эртнээс бэлтгэсэн М.Батчимэг гишүүнийг хаа хамаагүй Дорнодод нэрийг нь зоожээ. Өвөрхангай аймагт төрсөн, хотод ажиллаж амьдарч, Дорнодын талаар төсөөлөл ч байхгүй М.Батчимэг бас л сандруу байна. Орхон аймагт нэр дэвшихээр олон жил бэлтгэж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид дээр дөрөөлөн улс төрд орж ирэх гол найдвар тээж байсан Д.Өсөхбаярыг Булган руу жийж, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Оросоог сойв.
Увс аймагт нэр дэвшихээр нөхөр хүүхдүүдээ орхиод Увсад бүтэн жил амьдарсан Ц.Одонтунгалагийг хэн ч танихгүй Баянзүрх дүүрэгт өгөөш мэт шидэж орхисонд угийн бачимдуу бүсгүй боож үхэх нь халаг явна. Ядаж өөрийг нь ИТХ-д сонгосон Баянгол дүүрэгт үлдээчих гэж уйлж хүртэл гуйгаад нэмэр болоогүй сурагтай. Уг нь Увсад нэр дэвшсэн бол Бумбаяр зааны эхнэр хэмээх нэр, нутгийн олны дэмжлэг, Увсын бөхчүүдийн хүчээр гараад ирэх байх гэдэг найдлага тээж явсан эмэгтэй бас л "шок”-ын байдалтай байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан Д.Батцогт энэ удаа бас төөрч, тэнэж явсаар Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болжээ.
Баянзүрх дүүрэгт насаараа ажиллаж, хэдэн ч удаа нэр дэвшиж, өөрийн бүхий л сүлжээг Баянзүрх дүүрэгт бий болгоод байсан Х.Булгамааг тоох ч үгүй Чингэлтэй дүүрэг рүү цөлж орхив. Ийнхүү АН дотор тойргоо алдагсдын нулимсны хажуугаар тойргоосоо хөөгдөгсөдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Олон жил тухайн тойрог дээрээ ажиллаж, өөрийн гэсэн сүлжээтэй, танил талтай, мэддэг зүйлтэй байсан бол өөр тойрог дээр очоод ядаж л өөрсдийгөө өөрийнхөө намынханд таниулах, дараа нь тойргоо судлах бөөн ажил ундарч, энэ хэрээр зардал мөнгө нь урсч эхэлж байгаа учраас тэд бухимдахаас ч биш яахав.
http://tvmongolia.mn/8561.html?fbclid=IwAR2QjEfKI4xGp28uioJdhzn6gnp8JPgTFJa-PQSlI-LfOAKjWb2-8U2eGLU