АНХААРУУЛГА: Та фэйсбүүкээр ингэж залилуулсан юм БИШ БИЗ?

0

АНХААРУУЛГА: Та фэйсбүүкээр ингэж залилуулсан юм БИШ БИЗ?

 

Сүүлийн үед COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор "Иргэдэд мөнгө тарааж байна, дараах линк дээр дарж өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ хийснээр танд 100,000 төгрөг өгөх болно. Хэрвээ интернэт банктай холбоотой мэдээллээ оруулаагүй тохиолдолд мөнгө өгөхгүй” гэсэн агуулга бүхий залилах хуурамч мэдээлэл сошиал орчноор тархсан билээ.

Тус мэдээллийг хуурамч хаягнаас олон гишүүнтэй фэйсбүүк группүүд рүү шэйрлэж буй бөгөөд иргэд өөрсдийн хайхрамжгүй, нягталдаггүй байдлаасаа болж мэдээллээ оруулан, улмаар интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, хохирсон тохиолдлууд гарсаар байна.

/Доорх зургаас жишээтэй танилцана уу/

Arslan.mn

Дээрх жишээ, тохиолдолд иргэд та бүхэн тус мэдээллийг шэйрлэсэн хүн хэн бэ гэдгийг хаягаар нь ороод шалгачихаж байгаарай.

Энэ мэдээллийг шэйрлэсэн хүн залилагч этгээд үү, эсвэл жинхэнэ бодитой хүн үү гэж нягтлан эргэлзээтэй линк холбоос дээр болж өгвөл дарж орохгүй байж, өөрсдийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай. Жишээ нь, дээрх мэдээллийг групп дээр шэйрлэсэн "Нууц Нэг” гэсэн фэйсбүүк хаягтай хүн огт найзгүй, ганц ч мэдээлэл өөрийн хаягтаа постлоогүй болохыг та зургаас харж байна.  Тиймээс энэ бол хуурамч хаяг болох нь танигдаж байна.

Arslan.mn
  Үүнээс гадна нийгэм, эдийн засаг, COVID-19 цар тахлын энэхүү эмзэг үеийг ашиглан цахим гэмт халдлага хийх оролдлогууд сүүлийн үед гарсаар байгаа билээ. Жишээ нь цахим залилагч нар дараах байдлаар иргэдийг төөрөгдүүлж, мэдээллийг нь олж авах арга сүвэгчилж байна. 

  • Хандивын аян – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авах зорилгоор линк холбоос санал болгоно. 
  • Онлайн бараа захиалга – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авах зорилготой;
  • Хуурамч и-мэйлүүд – Хавсралт эсхүл холбоос дээр дарснаар нууц програм ажиллан таны компьютерт суун төхөөрөмжийг тань түгжиж, мөнгө төлөхийг шаардах, төхөөрөмж дээрээ оруулах үйлдэл, мэдээллийг тань бичиж авах, эсхүл регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахыг шаардана;
  • Хуурамч вэбсайтууд – Вэбсайтын URL дээр дарахад вирус татагдаж төхөөрөмж дээр сууна;
  • Олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээний холбоосууд – Регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг асуух, эсхүл нууц вирус татагдана;

Дээрх дурдсан санхүүгийн, цахим гэмт хэргийн төрлүүд нь иргэдийн мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны мэт тун үнэмшилтэй харагдахуйц загварчлагдсан байдаг. 

Иймд олон нийт, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж:

  • Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулахгүй байх;
  • Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх;
  • COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  • Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Мөн банк таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг болон гүйлгээний нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг банк өөрийн албан ёсны вэбсайт болон аппликэйшнээс бусад сувгаар асуудаггүй болохыг анхаарна уу. 

Дашрамд дурдахад 2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн "Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон "Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байгаа билээ.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай. 
 

"НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ"- Санхүүгийн луйвраас сэргийлье
 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.