Н.Минжинсайхан: Яруу найрагчид дууны шүлэг бичихгүй бол өөр хэн бичиж, дуу бүтээх юм
Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт "Номын хавчуурга” утга зохиолын подкастыг эхлүүлж байна. Манай подкастын хамгийн анхны зочноор Г.Сэр-Одын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан оролцлоо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө "Сэтгэл чамайг таньсан ч бил үү” хос цомогоо "өлгийдөж” авсан билээ. Гэхдээ яруу найргийнх биш. Түүний бичсэн шүлгээр бүтсэн уянга яруу дуунуудаас бүтсэн хос цомог юм. Манай үеийн яруу найрагчдаас дууны шүлэг тэрлэж, олон хит дуутай болсон тоотой хэдэн уран бүтээлчдийн нэг нь Н.Минжинсайхан. Манай үеийнх гэдэг 2006-2010 оны хооронд утга зохиолын сургууль төгссөн залуучуудыг хэлж байгаа хэрэг. Энэ удаад бидний яриа дууны яриа найргийн талаар өрнөсөн гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.
Би Минжээгийн дуунуудаас "Аав Алтай хоёр”, "Сэтгэл чамайг таньсан ч бил үү”, "Хайрын шувууд”, "Сайхан чи минь”, "Хайрын эгшиг” зэрэг олон дууг нь сонсох дуртай.
Сэтгэл норгох нуурын ус
Чамтай минь яасан адилхан юм бэ
Сэмрэн сэмрэн тэр л үүлс
Надтай яасан ижилхэн юм бэ
"Сайхан чи минь” гэдэг дууны үг үнэхээр мэдрэмжтэй, яруу тансаг. Э.Батхуяг ч сайхан дуулсан. Энэ мэтээр дурьдаад байвал маш олон сайхан уран бүтээлийг туурвиж яваа чансаатай яруу найрагч юм.
Яруу найрагч Н.Минжинсайханы оролцсон "Номын хавчуурга” подкастын онцлох ишлэлүүд
-Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны нэг үйл ажиллагаа болсон. Анхны дууг минь дуулсан дуучин Б.Минжүүр тэр үйл ажиллагаанд оролцож, ая дуугаа өргөсөн юм. Үйл ажиллагаа дууссаны дараа хөгжим, техникээ хурааж байхад нь очоод "Шинэ уран бүтээл сонсож үзэх гэсэн юм” гэж гуйгаад, сонсож байлаа. Миний хамгийн анхны дуу Сүхбаатарын талбайд эгшиглэж байсан.
-Цомогт ороогүй 30-40 дуу байгаа. Хөл хорио цуцлагдаад, цаг үе эргээд хэвэндээ ороход тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.
-Урлагийн сургуулиуд дуучид бэлтгэхдээ нэг том алдаа гаргадаг. Дуулах болон хөгжим мэдрэх чадварт л сургаж, уран бүтээлчдийг бэлтгэдэг. Гэтэл ямар ч яруу найргийн хичээл ордоггүй. Дуучид шүлгийн утгыг ойлгохгүй байна. Яаж хүмүүст танигдах вэ гэдгийг л чухал болгоод байгаа юм.
-Манай хөгжмийн зохиолчдын зарим нь шүлгэнд хайнга хандах тохиолдол гардаг. Бүтээгч уран бүтээлчид нэгийгээ хүндлэхгүй байх тохиолдол мэр сэр гарах нь ч бий. Айхтар газар авчихсан юм биш л дээ. Яруу найрагчийг нь дуудаж л засуулахгүй бол би яаж засах вэ дээ наад шүлгийг чинь гээд сууж байдаг хөгжмийн зохиолчид ч бий. Тэр нь уг нь зөв. Гэтэл зарим нь "Наадахыг чинь иймэрхүү үгээр сольчихвол болчихно гэдэг байдлаар ханддаг. Түүнээс нь болоод утгын алдаа гардаг.
Яруу найрагч Н.Минжинсайханы уран бүтээлийн дээж
Анхны дуу "Солонго"
Хайрын шувууд
Сэтгэл чамайг таньсан ч бил үү
Сэтгэгдэл байхгүй байна.