Яруу найрагч Х гэдэг чинь Ардын уран зохиолч байсан бололтой
Сүүлийн үед ХИТ болоод буй хайрын тухай нэгэн дууны шүлгийг яруу найрагч "Х” гэгч бичиж, аялгууг нь хөгжмийн зохиолч Аранзаа буюу Бат-Эрдэнэ туурвижээ. Хайртаа магтаж, харамгүй сэтгэлээ илэрхийлсэн тэр дуу нь "Зоргол нүдэн”.
С.Бичүүгийн дуулсан энэ дуу нэрнээсээ эхлээд "Нар асгарсан, сар сүлэрсэн орчлонд хамтдаа жаргаж явъя... Үзэсгэлэн гоо төрсөн хархан нүдэт минь Үгсийн чуулгатай уран хэллэгтэн минь” гэх мэт үгсээрээ Зоргол хайрханаа шүтэж явдаг Бавуугийн Лхагвасүрэн гуайн өнгө аяс, арга барилтай тун төстэй болоод иржээ. Одоогоор яруу найрагч "Х” гэгч өөр дуу гаргаагүй байгаа тул сонсогчид тийнхүү таамаглах болжээ. Хэрвээ "Х” гэгч нь үнэхээр Б.Лхагвасүрэн бол яагаад нэрээ нууцлах болов.
Тэрээр үүний өмнө "Үзэсгэлэнт минь” хэмээх нэгэн гайхалтай шүлэг туурвисан нь өнөөдөр Харангын Лхагваагаар дамжин түмэнд түгсээр байгаа. Хайрын сайхан, дурлалын гайхамшиг, амьдралын жаргалтай хором бүхнийг өгүүлэх түүний шүлэг хүн бүрийн аманд аялагдсаар байна. 70 хэдийнэ давсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч маань залуустай зэрэгцэн хэнзхэн хайрын ХИТ-үүд "үйлдвэрлэх”-ээсээ ичив үү, эсвэл "Монгол тулганы зуун эрхэм”-ийг хөтөлж байхдаа "Ардын дуу шиг нэг сайхан дуу хийх юмсан” хэмээн шүүрс алдаж байсандаа хүрэх гээ юу? Ардын дуу онож зохиосон эзэнгүй байдаг шүү дээ. Хэрвээ тийм бол С.Бичүү хайрын дууч төдийгүй хойч үеийнхний ардын дууч болох нь ээ.
Сэтгэгдэл байхгүй байна.