ДЭМБ: “COVID-19”-ИЙН ТАРХАЛТ ХУРДАЦТАЙ БАЙНА
Дэлхийн хэмжээнд "COVID-19”-ийн халдварын тохиолдол найман сая (8,112,577) давлаа. ОХУ-д халдварын тохиолдол хоногт 8.2 мянгаар нэмэгдсэн бол Энэтхэгт 10.2 мянга, Бразилд үүнээс хоёр дахин өндөр тоогоор нэмэгджээ. Сингапур энэ долоо хоногт хязгаарлалтын арга хэмжээгээ үргэлжлүүлэн сулруулахаа мэдэгдээд байгаа бөгөөд тав хүртэлх хүнийг нэг дор цуглахыг зөвшөөрч эхлэх юм байна.
АНУ-ын мужуудад шинэ төрлийн "коронавирус”-ийн тархалтын эрч нэмэгдэж байгаагаас эдийн засгаа эргэн нээхээ түр зогсоож магадгүй байна. Хэдий тийм боловч тархалтын хоёр дахь давлагаа үүссэн гэж үзэхгүй байгаагаа Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоу мэдэгджээ. Их Британид жижиглэн худалдааны дэлгүүрүүд гуравдугаар сараас хойш анх удаа нээгдээд байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Эдийн засгаа эргэн нээх үйл явцыг түргэсгэнэ” гэж мэдэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдлээс харвал сүүлийн хоёр долоо хоногт улс орнуудад бараг өдөр бүр "COVID-19”-ийн халдварын 100 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 75 хувь нь 10 улсад хамаарч байна. Дийлэнх нь Америк, Өмнөд Азийн орнууд байна. Өөрөөр хэлбэл одоогийн тархалтын эрч цар тахлын эхний хоёр сарынхаас илүү өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхаарууллаа.
Цар тахлын нөлөөгөөр агаарын тээвэр 2023 он хүртэл 2019 оны түвшинд очихгүй гэж аяллын цахим хуудас "Kayak” мэдээлсэн байна. Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн "коронавирус”-ийн улмаас эндсэн 439 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.2 сая давжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.