Хөгжихийг хүсэж буй хүн бүрт өгөх зөвлөгөө

0

Татьяна Черниговская 

Биологийн ухааны доктор, 

Нейрофизиологи, психолингвистик,  оюун ухааны онолын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн.

Шинэ техник, технологи бидний амьдралд хэр их нөлөөлдөг вэ? Үүнийг зогсоох боломжгүй гэдгийг бид бүхэн сайн мэддэг. Хүүхэд бүрийн хэтэвчинд янз бүрийн ухаалаг төхөөрөмж байгаа. 2 настай хүүхдүүд iPad ашиглаж чадаж байна. Тэдний эцэг эх нь бас чадна л даа. Харин эмээ өвөө нар, тэр байтугай харьцангуй залуу эмээ өвөө нар бол чадахгүй. 

Хүн төрөлхтний шинэ эрин үе өсөн торниж буй нь энэ. Бүр тохирох нэрийг нь хүртэл өгчихсөн шүү дээ тэднийг "Гүүгл үеийнхэн” гэж нэрлэж байна. Тэд бол дижитал системд бүх нийтээрээ шилжих үед бүхнийг шинээр сурсан хүмүүс биш. Тэд бол дижитал орчлонд төрсөн хүмүүс. Өөр систем байсан гэдгийг ч мэдэхгүй. Энэ бүхэн сайн ч талтай, муу ч талтай. 

Сайн талыг бүгд мэднэ харилцаа холбооны хурд асар өндөр болсон, ямар ч мэдээллийг олоход амархан болсон. Гэртээ сууж байгаад дэлхийн аль ч өнцөгт буй музейн үзмэрүүдийг үзчихэж болно. Буйдан дээрээсээ ямар ч том номын сангийн номыг татаад уншчихаж болно. Хүссэн киногоо үзэж, онлайн сургалтад суух боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг зайнаас судалж болно. Маш олон давуу тал байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй. 

Гэхдээ томоохон сул талууд бас байдаг. Компьютерийн хамаарлыг өвчний тоонд оруулдаг болчихсон. Виртуал орчин байнга суудаг хүмүүсийн тархийг томограмм хийж, тусгай төхөөрөмжөөр скандаж үзэхэд тархи нь яг л архины, хар тамхины хамааралтай хүмүүсийн тархи шиг өөрчлөлттэй болсон байсан. Компьютерийн хамааралтай хүмүүсийн тархины цагаан, саарал эдүүд муудсан, тархины үйл ажиллагаа тэр чигтээ алдагдсан байв. 

Билл Гейтсээ гэртээ 2 цагийн турш л вай-фай (wi-fi) ажиллуулахыг зөвшөөрдөг. Хүүхдүүд нь цахим орчинд байнга ордоггүй. Яагаад гэвэл Билл Гейтс үүний хортой талыг мэдэж байгаа.

Дэлхийн олон улс орны дунд сургуулиудад, манай зарим сургуулиудад ч гэсэн ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглосон. Хүүхдүүд, тухайлбал оройн 8-9 цагийн хооронд ч гэдэг юм уу, тодорхой хязгаарлагдмал хугацаанд л ухаалаг төхөөрөмж ашиглаж, цахим ертөнцөд орж болдог. Бусад үед хүүхэд тоон системээр сэтгэх бус харин өөрийн тархийг ашиглан сэтгэн бодох ёстой. Хүнд хэцүү ном уншиж, кино үзэж, дуу сонсож тархиа хөгжүүлэх хэрэгтэй. Та өөрөө хэн болохыг хүсэж байна гэдгээс л бүх зүйл шалтгаална. Эсвэл таны үр хүүхдүүд ямар хүн болоосой гэж хүсэж байна гэдгээс. Зүгээр нэг сүрэг болгоё гэвэл хамаагүй, хүүхдүүддээ нэг нэг ухаалаг төхөөрөмж бариулчихаж болно. Харин гүн гүнзгий дотортой, сонирхолтой, ухаалаг хүн болоосой гэж хүсэж байвал арай өөр байдлаар хандах ёстой. Тэдэнд комикс ном бариулах биш харин сонгодог зохиол эсвэл уншихад хэцүү ном уншуулах хэрэгтэй. Хийж буй зүйл нь хэцүү байх тусам тархины холбоосууд сайн ажилладаг. 

Дээд давхаргын хүн болъё гэж бодож байвал амьдралын хэв маягаа өөрчил. Хэрэв үгүй бол одоогоороо л байхад болох байх. Хүн бол ганцхан гамбургер идэж, газтай ундаа уух зориулалттай махбод биш гэдгийг санаж яв. Хүн бол оюун ухаалаг, гүн гүнзгий сэтгэхүйтэй амьд биет юм шүү.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.