Үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
Өчигдөр орсон аадар борооны улмаас үер болж 13 настай хүүхэд, 23 настай эрэгтэй хүн амиа алджээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн "Жаргалантын булаг” гэдэг газар өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний 13:20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат 13 настай, эрэгтэй У үерийн усанд осолдож нас баржээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварчээ
Мөн тус сумын Хайрхан багийн "Тэрвий” гэдэг газар Дундговь аймгийн харьяат 23 настай иргэн, эрэгтэй С үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Түүнчлэн үерийн улмаас олон тооны бог мал хорогджээ. Сэргэлэн сумын Хайрхан багийн "Довын хайрхан”, "Ширээгийн булаг”, Баян сумын "Их-Элгэн” гэдэг газар усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог гээд нийт 3400 орчим мал үерт өртөж хорогдсон. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Мөн Зуунмод суманд 181 айлын гэр, 4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан. Алтанбулаг суманд 200 өрх айл усад автаж 30 хашаа нурж 10 гэр урссан тухай 22 дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл байхгүй байна.