Өвчинтэйгөө 23 жил тэмцэж байгаа И.Тэмүүлэнд амьдрал бэлэглэхийг хүсэж байна Шинэ мэдээ 2021/12/31 0 Таны хувьд 10 мянган төгрөг хэр их мөнгө вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Харин И.Тэмүүлэн гэх залуугийн хувьд амь нас, амьдрал нь 10 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Учир нь бөөрний архаг дутагдал, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл оноштой түүнд дөрөвхөн сарын нас үлдээд байгаа. Энэ хугацаанд 600 сая төгрөг цуглуулж чадвал Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломж бүрдэнэ. Тиймээс "60 мянган хүний сэтгэлийн хандив 10 мянган төгрөг” хандивын аяныг эхлүүлээд байгаа юм. И.Тэмүүлэн бөөрний архаг дутагдал оноштойгоор 23 жил эмчлүүлж, сүүлийн 13 жилийн турш бөөр орлуулах эмчилгээ хийлгэж байгаа. Тодруулбал, анх 11 настайдаа өвчин нь оношлогдож 10 жилийн дараа буюу 2009 онд 21 настайдаа бөөр шилжүүлэх мэс засал хийлгэж ээж нь өрөөсөн бөөрөө өгч байжээ. Гэвч 4 сарын дараагаас суулгасан бөөр нь үрэвсэж дахин хагалгаа хийлгэсэн ч үр дүнд хүрэлгүй бөөр орлуулах эмчилгээг хийлгэсээр өдийг хүрчээ. Маш олон удаагийн хиймэл судас залгах мэс ажилбар хийлгэж сүүлдээ эмчилгээ хийлгэх боломжтой судаснууд нь хаагдсанаар И.Тэмүүлэн бөөр орлуулах эмчилгээг хийлгэх боломжгүй болсон байна. Түүнд одоогоор хиймэл судас орлуулах түнел гуурс суулгасан байгаа бөгөөд энэ нь 4 сарын хугацаатай юм. Тиймээс БНСУ-ыг зорьж эсрэг биет шүүх эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх болоод байгаа юм. Гэвч эмчилгээний зардал 300 сая вон буюу монгол төгрөгөөр 600 сая төгрөгийг бүрдүүлэх шаардлага түүнд тулгараад байгаа аж. Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудаасаа сэтгэлийн хандиваа өргөөч гэж хүсч байгаа юм. Хандивын данс: 5057901208 Хаанбанк И.Тэмүүлэн Холбоо барих дугаар: 99176404, 99076030 0
Сэтгэгдэл байхгүй байна.