Ш.ӨЛЗИЙБАЯРЫН “ТЭНГЭРИЙН ХУТАГТ” БҮЖГЭН ЖҮЖГИЙН ТУХАЙД
Ш.Өлзийбаяр жил бүр хөгжмийн зохиолчдын онгод юугаа хөглөж, оюун чансаагаа сорьдог "Алтан намар” наадамд тогтмол оролцон Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээлүүдээр хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Харин энэ удаад говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсэний 220 жилийн ойд зориулсан "Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээрээ оролцсон байна. Тэрбээр бүжгийн урлагт хэдийнээ өөрийн гэсэн орон зайг эзлээд байгааг бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгтэй хамтран туурвисан бүтээлүүдээс нь /"Дөрөө” модерн балет, "Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжиг, "Тамганы бүжигчин” бүжгэн жүжиг/ гадна мэргэжлийн уралдаанд бүжигчдийн авсан шагналууд /хөгжмийг нь Ш.Өлзийбаяр бичсэн олон бүтээл бий/ гэрчилж, энэ төрөлд гаршиж явааг нь илтгэнэ.
2023.07.29-нд Дорноговь аймагт нээлтээ хийсэн "Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат бичиж, бүжиг дэглээчээр ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч Д.Хашхүү ажилласан байна. ҮУИТ, ДБЭТ-ын 70 гаруй бүжигчид оролцон тоглосон энэхүү бүжгэн жүжигт зохиогчид Хутагтын эхээс төрж, гэгээнтнээр тодорсон үеэс эхлээд үйлс бүтээл бүгдийг нь харуулахыг зорьсон ба тайз засал, хөгжим, дэглэлтээсээ аваад л шинэ санаа, инновацаар дүүрэн бүтээл болсон ажээ. Харин "Алтан намар-2023” наадамд бүжгэн жүжгийн хэсгээс түүвэрлэн толилуулсан юм. Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр XXI зууны мэргэжлийн хөгжмийн онцлогийг шингээсэн, гүн гүнзгий хэрнээ ойлгомжтой, бидэнд ойр хөгжмийг мэргэжлийн түвшинд, чадварлаг бүтээж чадсан байна.
Дорнын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Д.Данзанравжаагийн намтраар бүтээсэн энэ бүжгэн жүжиг 3 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрт :
I бүлэг
₋Эхлэл
₋Говийн нэг өдөр
₋Дулдуйт Сэмжид хоёр
₋Хагацлын бүжиг
₋Жасааны найр
₋Хурмаст тэнгэр
₋Даяан бясалгал
II бүлэг
₋Манжийн цэргүүд
₋Хүүхдийн дацан
₋5 дагинасын бүжиг
₋Үлэмжийн чанар
₋Аврал гурван чухаг
₋Шулам Равжаад сээтэгнэх
₋Чөлөө учрал
III бүлэг
₋Цагаадай шулам хоёрын хуйвалдаан
₋Равжаа Цогзул хоёрын адажио
₋Хутагт шулмыг дарсан нь
₋Хутагт хор уух
₋Хутагт тэнгэрт одох
₋Төгсгөл
гэсэн нийт 20 бүжигтэй.
Зохиолын бүхэллэг болоод хэсэг, элемент бүрийн сэтгэлгээ нь бүхэл бүтэн тоглолтын туршид тод мэдрэгдэх бөгөөд бүх гол үйл явдлын чиг шугамууд нь өөрсдийн хөгжмийн илэрхийлэлд төгс нийцэж байгаа юм.
Хөгжмийн зохиолч энэ бүтээлдээ Данзанравжаа хутагтын шүлгийг нь бичсэн болон ая данг нь тааруулсан олон зуун дуунаас "Үлэмжийн чанар”, "Хурмаст тэнгэр”, "Аврал гурван чухаг” гэсэн дуунуудыг найруулан оруулжээ. Харин бусад бүх бүжгийг цомнолын дагуу сэтгэл уярам аялгуу, зөрчилт хэмнэл бүхий зохиомжуудаар тодотгон орчин цагийн хөгжмийн зохиомжийн ололтуудаас шингээн туурвижээ. Гол дүр болон эсрэг дүрийг тодорхой өвөрмөц аялга, хэмнэлээр тодруулан илэрхийлэхдээ оноот аягийн /лейтмотивын/ зарчмыг сайтар баримталсан нь ажиглагдана. Тухайн дүр гарч ирэх болгонд сонгосон аялга, хэмнэл илрэх боловч өмнөх шигээ давтагдахгүй тэс өөр байдлаар найралжуулан хувилбаржуулж байгаа нь зохиолч бүтээл дээрээ нягт уйгагүй ажилласныг харуулна. Тухайлбал:
"Цагаадай шулам хоёрын хуйвалдаан”бүжигт зохиомжийн олон сонирхолтой арга , илэрхийллүүд байгаагаас 12 эгшгийн /додекафонийн/ зарчмаар сери үүсгэн зэмсгүүдэд хуваарилсан дараах хэсгийг онцолж болно. Энэ нь цэгэн зохиомжийн аргаар /пуантилизм/ эсрэг дүрийг тодотгоход оновчтой шийдэл болжээ.
Мөн бүжгийн төгсгөлд хроматик эгшгийн цувааг өгсөх, уруудах байдлаар 2 тийш дараалуулсан нь сонорикийн өвөрмөц хэв шинжийг бүрдүүлсэн байна.
II бүлгийн "Шулам Равжаад сээтэгнэх”бүжигт хөгжмийн зохиолч эсрэг дүрийг илэрхийлэхдээ тогтворгүй, наймц давсан холын үсрэлттэй, фригийн эгшиглэгээн дэх /доошилсон 2-р өрөг бүхий бага хөгийн шинжтэй/ этгээд аялгууг 2 наймцын зайтай эгшиглэхээр найралжуулсан нь хөндий, хүйтэн дуурьслыг бий болгожээ.
Бүжгийн дунд хэсэгт морин хуурын татлагын санагдуулам хэсэг орж ирэх ба энд мөн л тогтворгүй, догшин аялга сонсогдоно.
Харин хосын хайрын хэсгүүд болох Равжаа Цогзул хоёр, "Чөлөө учрал” гэсэн бүжгүүдийг бага /минорын/ хөг дэвсгэрт, 6/8 хэмжээгээр илэрхийлжээ
Равжаа Цогзул хоёрын хайрын хэсгийг хийл, морин хуурын хоршилын харилцлаар илэрхийлсэн нь маш уянгалаг, оновчтой болсон байна. Ингэхдээ хийл соль минорт, морин хуур фа минорт эгшиглэх гэх мэт хөг шилжилтийг байнга хийх нь содон сонсогдоно.
"Чөлөө учрал” бүжигт хосын нандин харилцааг хийл, морин хуурын гулсаа /глиссандо/ бүхий аялгуугаар илэрхийлэхдээ давталт бүрт мөн хөг шилжилтийг хийж байна. Энэ хэсгийн бүжгийг уран нугаралтаар шийджээ.
Зохиогч бүтээлдээ найрал хөгжмийн олон эффект ашигласан байна. Үүний нэг болох "Хутагт шулмыг дарсан нь” бүжигт дүрүүдийн зөрчил туйлдаа хүрэн үймэх хэсгийг найрал хөгжмийн нумт болон модон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийн шуугианаар илэрхийлжээ.
Мөн "Манжийн цэргүүд” бүжигт янз бүрийн хөгжмийн зэмсгүүдийн пассажууд ажиглагдана.
"Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн төгсгөлийн "Хутагт тэнгэрт одох” бүжиг нь найрал хөгжим, найрал дуу хамсарсан эмгэнэлтэй боловч өргөн хүндэтгэлийг илэрхийлсэн оргил хэсэг юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд hөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын "Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг нь :
1/ Хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнийг /цөөн болон олон/ сонгохдоо бүжгийн дүрүүдийн илэрхийлэмжийг харгалзсан;
2/ Эерэг болон эсрэг дүрийн ялгарамжийг хөгжмийн зохиомжийн янз бүрийн арга техникээр тодорхой илэрхийлэн гаргасан;
2/ Бүжиг бүр эхлэл, өрнөл, тайлалтай байхаар зохиомжлогдсон;
3/ Хөгжмийн зохиомжийн уламжлал, шинэчлэлийг төгс хослуулж, Өрнө дорнын өвөрмөц хөг дуурьслыг чадамгай холбосон үндэсний хэв шинжит өөрийн гэсэн төрхийг бүрдүүлсэн содон бүтээл болжээ.
Симфони найрал хөгжим болон морин хуурыг хослуулсан энэ бүтээл ирэх жил ахин тоглогдохоор төлөвлөгдөөд байна. Сайн бүтээлийг угаас үзэгчид анзаарахгүй өнгөрдөггүй тул энэхүү бүжгэн жүжгийн тухай яриа хотоор тархаж эхэлсэн тэр цагаас чих тавин хүлээсээр байгаа бидний сонор, мэлмийг баясгах цаг тун удахгүй хэмээн найдаж байна.
Хөгжим судлаач Х.Ариунаа
Сэтгэгдэл байхгүй байна.