“Тавантолгой түлш ХХК” Улаанбаатар хотыг утаагүй болгосон хэмээн өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр урамшуулжээ
Нүүрсний сонсголын хоёрдугаар үе энэ долоо хоногт эхэлсэн. Өнөөдрийн /2023-12-20/ сонсголоор УИХ-ын гишүүн Г.Ганболд "Тавантолгой түлш ХХК” 997 тэрбум төгрөгийн өртэй болохыг мэдээлэв. Түүнчлэн тус компани Эрдэнэс Тавантолгой ХХК-аас 1 ихнаяд төгрөгийн зээл авсан ба өөрсөддөө 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.
Мөн 2022 оны 03-р сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр "Иннер Монголиа Кениу” компаниас нүүрс худалдан авах гэрээ байгуулсан ба 2022 оны 08-р сарын 31-нд 6.6 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлш худалдаж авсан гэрээ хийсэн байна. Энэ мэтчилэн тус компанийг тендер зарлалгүй шууд худалдан авалт хийдэг. Зарим бичиг баримт алга болдог зэрэг асуудлыг өнөөдрийн сонсголд хөндлөө.
Мөн Тавантолгой түлш ХХК асар их алдагдалтай, тэрбум төгрөгийн өртэй атлаа ТУЗ-ын гишүүд нь өөрсдийгөө Улаанбаатар хотыг утаагүй болгон сайн ажилласан хэмээн 1.1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Үүнийг мөнгөн дүнгээр нь авч үзвэл 3.7 сая төгрөгөөс 125 хүртэлх сая төгрөгөөр өөрсдийгөө шагнаж урамшуулсан байна.
ТУЗ-ын гишүүд дотор хамгийн өндөр буюу 124 сая төгрөгийн урамшуулал авсан Л.Одхүү нь тус компанид шуудай худалдан нийлүүлсэн "СБМ Хангай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болохыг Улсын бүртгэлийн лавлагаагаар тодорхой болсон байна. Мөн үүн дотор "Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн, Тавантолгой түлш ХХК-ын ТУЗ-ын гишүүн Ц.Пүрэвхүү өөрийгөө 78.7 сая төгрөгөөр шагнажээ. Харин ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан нь өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнан урамшуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.