ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД Том онцлох мэдээ 2023/12/20 0 "Нүүрсчид”-ийн хулгайг ярих бүрийд "Цагаан хад” гэж дурдагдаж буй. "Нүүрсчид”-ийн жинхэнэ үүр болсон газар гэхэд болно. Ойлгомжтойгоор тайлбарлавал, "Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс ачсан машинууд "Цагаан хад”-нд байх нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын талбайнуудад аваачиж буулгаад буцдаг. Үүнийг "Уртын тээвэр” гэж нэрлэдэг. "Цагаан хад”-нд буулгасан нүүрсийг олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй машинууд ачаад цаашаа Гашуунсухайт-Ганцмод боомтоор хил гаргадаг. Харин үүнийг "Богинын тээвэр” гэж нэрлэцгээдэг. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК-ийн нүүрс урт, богинын тээврээр хоёр дамжиж хятад руу гардаг гэсэн үг. Уг нь, "Эрдэнэс тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК-аас ачсан нүүрсийг Гашуунсухайт боомтоос 20 гаруйхан километрын наана байх "Цагаан хад”-нд буулгаж, дахин өөр машинд ачиж хил гаргах ямар ч шаардлага байхгүй, шууд хил гаргах боломжтой. Гэтэл "нүүрсчид” төрийнхнийг, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үе үеийн удирдлагуудыг "лоббидож” байгаад "Цагаан хад” гэх нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын бүсийг бий болгосон түүхтэй. Учир нь, УИХ-ын гишүүд, төрийн сайдууд, ялангуяа Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын I, V багын нутаг буюу "Цагаан хад”-нд 10-20 га газар авч, тэр газраа хашаалаад нүүрс ачиж буулгах талбай буюу Гаалийн хяналтын талбай гээд нэрлэчихдэг. Үүнийгээ "Эрдэнэс тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн компаниудад гэрээгээр ашиглуулж, сул ашиг хүртээд сууцгааж байдаг. "Эрдэнэс тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК-ийн нүүрс уурхайгаасаа ачигдаад шууд Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах байтал дунд нь "Цагаан хад” гэх Гаалийн хяналтын бүс бий болгосны үндсэн шалтгаан ердөө энэ. Тэгвэл "Цагаан хад”-нд хэн хэн гэдэг эрх мэдэлтний компаниуд нүүрс ачиж буулгах талбай буюу Гаалийн хяналтын талбай ажиллуулдгийг баримтаар танилцуулж байна. Эхэнд нь сануулахад, Өмнөговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, Гаалийн хяналтын байцаагч нар, тэр байтугай Нэгдсэн эмнэлгийнх нь эмч хүртэл "Цагаан хад”-нд Гаалийн хяналтын талбайтай ажээ. 1. "МОУТЗ” ХХК 200,000м2 буюу 20 га талбайтай. "МОУТЗ” ХХК-ийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх давхар албан тушаалтай Дэмбэрэлийн Батжаргал эзэмшдэг. 2. "Говь эрдэнэс групп” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Сангаагийн Отгонцэцэг эзэмшдэг. 3. "Таны говь” ХХК 168,000м2 буюу 16.8 га талбайтай. "Таны говь” ХХК-ийг Монголбанкы Өмнөговь аймаг дахь салбарын захирал асан Жамбалын Одгэрэл эзэмшдэг. 4. "Премиум кастомс” ХХК 150,000м2 буюу 15 га талбайтай. "Премум кастомс” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2018 онд үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо Турк улсын иргэн Temel Mansur гэгчийн "Шилмэл газар” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн одоо ч Төрийн ордноос удирдаж буй 5. "Цагааналт эх жин” ХХК 91,000м2 буюу 9.1 га Гаалийн хяналтын талбайтай. "Цагааналт эх жин” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн "Шилмэл газар” ХХК эзэмшдэг. 6. "Пүшинмон” ХХК 400,000м2 буюу 40 га Гаалийн хяналтын талбайтай. "Пүшинмон” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн "Шилмэл газар” ХХК эзэмшдэг. 7. "Соронзон говь” ХХК 200,000м2 буюу 20 га Гаалий хяналтын талбайтай. "Соронзон говь” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн "Шилмэл газар” ХХК эзэмшдэг. 8. "НБ транс” ХХК 150,000м2 буюу 15 га гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын улсын байцаагч Бүүвэйн Саруултуяа эзэмшдэг. 9. "Эркэ Монголиа” ХХК 147,000м2 болон 100,000м2 буюу нийт 24.7 га хоёр Гаалийн хяналтын талбайтай. "Эркэ Монголиа” ХХК-ийг Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Батхуягийн Саруултөгс үүсгэн байгуулсан. Одоо Б.Саруултөгс нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар шилжин ажиллаж буй. 10. "Фүжи бит” ХХК 136,000м2 буюу 13.6 га Гаалийн хяналтын талбайтай. "Фүжи бит” ХХК-ийг Сингапурын "FJbt Logistics Pte” компани эзэмшдэг бол гүйцэтгэх захирлаар нь Пунцагдумаагийн Баатар ажилладаг. П.Баатарын төрсөн дүү П.Сумаа нь Гашуунсухайт дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 11. "Уужим-Од” ХХК нь 545,000м2 буюу нийт 54 га дөрвөн Гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-Очир эзэмшдэг. 12. "Их хурд хүч” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Их хурд хүч” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын төрсөн дүү Бямбацогтын Болдмаа эзэмшдэг. 13. "Говь транс ложистикс” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Говь транс ложистикс” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын төрсөн дүү Дашзэвэгийн Оюунжаргал эзэмшдэг. 14. "Алтанговь транс” ХХК 150,000м2 болон 100,000м2 буюу нийт 25 га Гаалийн хяналтын талбайтай. "Алтанговь транс” ХХК-ийг 2009 онд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үүсгэн байгуулсан. Харин одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чойжилын Жаргалсайхан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Чойжилын Батжаргал болон тэдний дүү Чойжилын Буянжаргал гэх ах дүү гурав эзэмшдэг. 15. "Булган цохио” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Булган цохио” ХХК-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргалын хүүхэд Б.Дөлгөөн эзэмшдэг. 16. "Галба ресурс” ХХК нь 200,000м2 буюу 20 га Гаалийн хяналтын талбайтай. "Галба ресурс” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы хүү Ж.Энхманлай эзэмшдэг. 17. "Галба шанхын говь” ХХК нь 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Галба шанхын говь” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы төрсөн дүү Ч.Буянжаргал эзэмшдэг. 18. "Энх дэлгэр говь” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Энх дэлгэр говь” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргалын аав Баньдын Шагдарсүрэн эзэмшдэг. 19. "Винтрак” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Винтрак” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй "Ener Star Investment Limited” компани эзэмшдэг бол Гүйцэтгэх захирлаар нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Цэрэнпүрэвийн Амгалан ажилладаг. Бид өчигдрийн дугаартаа, Б.Батдаваагийн аав нь 2000-2005 онд ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Х.Баатар, Ц.Амгалангийн аав нь Сү.Батболдын үеэл, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Цэрэнпүрэв гэдгийг танилцуулсан. 20. "Эрхэм сүлд монгол” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. "Эрхэм сүлд Монгол” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Намдагийн Хүрлээ эзэмшдэг. 21. "Мэнд групп” ХХК 50,000м2 буюу 5 га Гаалийн хяналтын талбайтай. "Мэнд групп” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Түмэнбаярын Золжаргал эзэмшдэг. 22. "Дээдийн говь” ХХК 240,000м2 буюу 24 га Гаалийн хяналтын талбайтай. "Дээдийн говь” ХХК-ийг Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын төрсөн ах Доржсүрэнгийн Занахүү эзэмшдэг. 23. "Мөнх түшиг транс” ХХК 200,000м2 буюу 20 га Гаалийн хяналтын талбайтай. "Мөнх түшиг транс” ХХК-ийг Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, Монгол Улсын гавьяат эмч цолтой Бүдийн Эрдэнэбилэг эзэмшдэг. 0
Сэтгэгдэл байхгүй байна.