Хамтарсан Засгийн газраас томилогдож буй дипломат төлөөлөгчид
Төрийн тусгай алба болох дипломат албанд мэдлэг боловсролтой мэргэжлийн хүмүүс томилогдон ажиллах ёстой. Гэхдээ өмнө нь улс төрийн шийдвэрээр олон буруу томилгоо хийж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ алдааг засахын тулд дипломатуудыг томилохдоо шалгуурыг өндөрсгөж, мэргэжлийн болгох тал дээр ихээхэн анхаарч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оны өмнө мэдээлж байв. Консулын төлөөлөгчийн газруудад Ерөнхий консул, консул, дэд консул болон атташе гэсэн албан тушаалууд байдаг. Консулыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог бол Элчин сайд нарыг УИХ-аар оруулж, зөвшилцдөг. Засгийн газрын 145 дугаар тогтоолоор цаашид консулуудыг Ерөнхий сайд биш Гадаад харилцааны сайд томилох, ингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байх шийдвэр гарсан. Тэгвэл энэ онд хийх дипломат төлөөлөгчдийн томилгоо албажиж эхлээд байна. Олон улсын жишгээр нийт томилгооны 30 хувьд нь улс төр, өөр бусад салбарын хүмүүс томилогддог. Тус практикаар хамтарсан Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хүсэлтийг хүргүүлж, ээлжит консулуудыг айлын тал хүлээн зөвшөөрч, томилгоонууд албажиж эхлээд байна.
Монгол Улсаас консулын томилгоог шийдсэн ч тухайн суух улсын тал консулаар хүлээн авах зөвшөөрлийг олгодог. Хэрэв татгалзсан тохиолдолд шалгуур хангасан өөр хүнийг дипломат төлөөлөгчөөр томилох хүсэлтийг дахин хэлэлцэж, явуулах аж.
Д.ОДБАЯР ХЯТАДЫН ОНЦГОЙ БҮСЭД КОНСУЛААР ТОМИЛОГДОВ
Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан Д.Одбаярыг өнгөрсөн 2024 оны аравдугаар сард ерөнхий консулаар томилсон.
Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь жил гаруйн өмнө дуусгавар болсноор 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аас чөлөөлж байв. Жил орчмын хугацаанд алба хашаагүй гишүүнээ Засгийн газар ийн өөд нь татаж, ерөнхий консулаар томилсон нь энэ.
ХАРИУ НЬ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСАН Ц.ЖАДАМБАА БУСАН ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДЛОО
Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг томилжээ.
Гадаад харилцааны яамнаас, 2024 оны туршид зарим дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотой шинэ төлөөлөгчдийг томилсон. Хэвлэлүүд улс төрийн хэв шинжтэй асуудлууд руу анхаарч төвлөрөөд байх шиг байна. Яг аваад үзэх юм бол дэлхий нийтэд тодорхой түвшинд улс орнуудад яг мэргэжлийн дипломат гэхээсээ илүүтэй төрийн зүтгэлтэн, төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс томилох нь үр дүнтэй юм байна гэсэн дүгнэлтүүдийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Ер нь олон улсын жишиг дээр тогтсон харьцаа байдаг. Тэр тэнцвэр хангагдаж байгаа гэдэг талаас нь харвал зөв гэдгийг илэрхийлсэн.
ХҮН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ З.ЛХАГВАДОРЖИЙГ ЭРЭЭНД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛЖЭЭ
Монгол Улсын Шадар сайд (Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан)-ын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга доктор З.Лхагвадоржийг Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
З.Лхагвадорж нь улс төр судлалаар МУИС-д докторын зэрэг хамгаалсан. Монголбанканд эдийн засагч, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төсөл болон Дэлхийн банкны төсөлд Зөвлөх, БХБЯ-нд Ерөнхий санхүүч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Албаны дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
АН-ЫН ДАРГА АСАН С.ЭРДЭНЭ АНУ-ЫН ЧИКАГО ХОТОД СУУХ ДЭД КОНСУЛЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭНЭ
2025 онд 20 гаруй Элчин сайд, мөн тооны консул нарыг шинээр томилох шаардлага үүсч буй. Учир нь 40 гаруй Элчин сайд, консулын бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа юм. Тэгвэл энэхүү сиймхийг ашиглан, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод дэд консулын ажил гүйцэтгэх болжээ.
Гадаадын харилцааны сайдын хэлж буйгаар С.Эрдэнийг Ардчилсан намаас дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргасан байна. Харин салбарын яамнаас түүнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлж, АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон байна.
С.Эрдэнийн хувьд 2008 онд анх Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байсан бөгөөд түүнээс хойш дараалан хоёр удаа УИХ-д сонгогдсон. 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барих үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараахан буюу 2017 оноос Ардчилсан намыг удирдсан туршлагатай нэгэн.
Н.ОЮУНДАРИЙГ ПОЛЬШ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖИВ
Аюулгүй байдал байнгын хороо өнгөрсөн долоо хоногт /2025.01.08/ хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцсэн. Үүний маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 93 гишүүний 63 нь түүнийг элчин сайдаар томилохыг дэмжсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.