Ид ачааллын үед нийслэлийн замыг төлбөртэй болгоно
Олон нийтийн сүлжээнд төлбөртэй бүсийг нийслэлд тусгайлан заах тал дээр маргаан өрнөөд буй. Энэ талаар "20 минутын хот" Үндэний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.
–Та Улаанбаатар хотыг 20 минутын хот болгох том амбиц өвөртлөөд Засгийн газарт орсон. Сайд болоод хагас жил болчихлоо. Мэдээж ажилтайгаа танилцсан байх, Улаанбаатарыг 20 минутын хот болгох итгэл хэр байна?
-Дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Хүйтэн хотууд бүгд утаа угаарын дундуур явсан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүд барьсан. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн энэ замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дэглэмийн дараагаас "X-минутын xот” гэдэг концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эxэлж байгаа юм билээ. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгоx xотууд дээр давтаxгүй байя гэдэг үүднээс хотоо хүнд ээлтэйгээр зохион байгуулъя, 20-минутын дотор иргэн xүн алxаад xүрчиxдэг ажилтай, сургууль, эмнэлэгтэй, төрийн нэг цэгийн үйлчилгээтэй, кофешоп, хоолны газартай, зугаалаx парктай тийм орчинг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа. Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудал дээр манлайлал үзүүлж, 2025 оныг "Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, дэд бүтцийн том төслүүдээ хурдлуулах зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна.
Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангуулан, зохион байгуулалтаа эрчимжүүлэн ажиллаж байгаа.
Та бүхэн мэдэж байгаа байх. 2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэл эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай зургаан хот, орон нутгийн чанартай 35 хот, дөрвөн дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах эдгээр хотуудаа ч бас бид анхнаас нь хүнд ээлтэйгээр зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хот иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан.
Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг нь ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно. Тун удахгүй манай хорооны гишүүн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг 20 минутын хотын үзэл баримтлалын төслийг олон нийтэд танилцуулна.
"ХУУЛИАР ТӨЛБӨРТЭЙ БҮСИЙН ЗӨВХӨН ТӨЛБӨРИЙН ДЭЭД ДООД ХЯЗГААРЫГ БАТАЛЖ ӨГНӨ”
–"20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарын зарим бүсийг төлбөртэй болгох хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү, иргэд хүлээж авах болов уу?
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлд нөлөөлдөг зургаан хүчин зүйл байгаа юм. Нэгдүгээрт, хүн амын өсөлт. Тухайлбал, 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлт. Зөвхөн сүүлийн 10 жилд л гэхэд хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан төлөв. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.
Тэгэхээр түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах хоёр нь тээврийн хэрэгслийн өсөлт, замын хөдөлгөөний соёл, зан төлөв. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийн зохист бодлогоор. Замын хөдөлгөөний соёл, зан төлөвийг төлбөртэй бүс бий болгох, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг.
Тиймээс урт хугацаанд хэрэгжих хөрөнгө оруулалт шаардсан зүйлсээ шуурхай штаб байгуулан хурдлуулахын зэрэгцээ удирдаж чадах хоёр хүчин зүйлээ эхлээд явуулъя гэдэг үүднээс Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон янзын санал гарч байгаа, олон орны туршлагуудыг харьцуулан судалж байна. Тал талаас хүмүүс оролцож байгаа болохоор мэдээллүүд албажаагүй байхад тархах явдал бишгүй байна. Дахин хэлэхэд энэ асуудал одоогоор огтоос албан ёсоор яригдаагүй байгаа.
-Төлбөртэй бүсээр зорчсон иргэд төлбөрөө төлөхгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? Аль, аль чиглэлд нийт хэчнээн төлбөртэй бүс байх, төлбөрийн хэмжээ нь харилцан адилгүй байх уу?
-Бид хуулиар төлбөрийн дээд доод хязгаарыг л баталж өгнө.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр тухайн ондоо төлбөрт бүсэд хэд, хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, хэдээс хэдэн цагт тэр нь үйлчлэх, аль аль зам дээр тогтоох зэргийг хэлэлцэж шийдэж байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.
–Энэ онд автомашины татвар, зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмсэн. Гэтэл төлбөртэй бүсийг тусгайлан хуульд тусгаж байгаа нь зөв үү?
-Хууль бол нийтлэг зохицуулалттай. Түрүүн хэлсэнчлэн бид дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ хэлэлцээд нийслэлийн нийт иргэдийнхээ эрүүл мэндийг чухалчлаад өндөр төлбөр тогтоох замаар иргэдийг нийтийн тээврээр зорчих дадал руу оруулах уу, эсвэл доод хязгаар болох 0 төгрөгөөр тогтоогоод түгжрээд явж байх уу гэдгийг шийднэ.
Хуулийн төсөлд, төлбөртэй автозамыг мөн тодорхой цагт буюу ид ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа.
Тухайлбал сургууль цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.
–Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотуудад төлбөртэй бүс болон өөр ямар хязгаарлалт тогтоосон байдаг вэ. Тэдгээрээс Улаанбаатартай адил кэйс бий юу?
-Гадаадын улсуудын туршлагаас харахад баримталж байгаа бодлого нь түгжрэлийг нийтээр нь арилгана гэхээсээ илүү нэгдор хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд илүүтэй анхаарч, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттайгаар бууруулж байна.
Түгжрэлийн төлбөрийн орлогоор бусад орнууд нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй зарцуулж байна.
Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотуудын туршлагаас харж болно. Ер нь бол төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн гурван аргыг улс орнууд ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан түүхтэй юм билээ.
–Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлтэй холбоотой ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
-Дээр хэлсэнчлэн Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдан хугацаанд барьж байгуулахад онцгой анхаарч ажиллана. Бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийнхнээ татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Үүнээс гадна өнгөрөгч 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал иргэд автомашинаас татгалзаад явган алхъя, дугуй скүүтер уная гэхэд зориулалтын замыг нь бид стандартын дагуу барьж өгөхөөр төлөвлөсөн байгаа. Энэ онд манай хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам тавьж хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.