Чоно амьдаар нь өвчсөний нүгэлийг өөртөө үүрчээ
Зовлонт чоно хэдэн өдөр амьдаараа элээ хэрээний хоол болоод долоо дахь хоног дээрээ үхжээ. Тэнэг анчин Даваажий энэ тухай нутгийнхаа хэдэн өвгөчүүлд хөөр баяр болгож ярьжээ. Тэдний яриаг сонсч байсан саахалтын айлын эзэгтэй Хорлоожий гуай сэжиглэн,
- Долоон уулын цаагуур далд ормор минь. Манай гэрт ийм муухай юм битгий яриад бай! гээд шанагатай халуун хар цайгаар дал мөр рүү нь цацаад хөөгөөд гаргачихжээ. Халуун цайнд түлэгдсэн Даваажий гэртээ хариад баавгайн тос түрхсэн ч өөдтэй нэмэр болсонгүй. Их л удаж эдгэрсэн юм байх. Гэтэл хойтон нь яг чоно тамласны нэг жилийн ойн өдөр нь Даваажий анчны гэр нь шатаж, гэрийн эзэн 30 хувийн түлэгдэлтэй Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн түлэнхийн тасаг барааджээ. Бууны гох дардаг долоовор хуруугаа тайруулж, моринд дөрөөлдөг зүүн хөлөө өвдгөөр, овоо хараа онилдог баруун нүд нь сохорчээ. Лам хар, бөө удганаар явж арга чаргаа барж, амь насаа баахан гуйсанд,
- Дээд тэнгэрээс язгууртны амьтныг тамласан байна гэж Далай ээж удган айлджээ. Ерөөсөө тавьтаргүй Даваажий,
- Энэ муу зөнөсөн удган худлаа ярив гээд хүүгийнхээ машины хаалгыг пинхийтэл хаагаад Дархадын Цагаан бөө гэдэг Дүүрэнжаргал гэгч дээр иржээ.
Цагаан бөө толио баахан харснаа,
- Би мэдэхгүй юм байна гээд өөр юм хэлсэнгүйд,
- Чи муу өргөл барьцандаа цадаад үнэрхэж байна гэсэнд,
- Хэд хоногийн дараа чоны үхлээр үхэж элээ хэрээний хоол болох юм байна гэв.
- Миний хийсэн муу үйлийг хүнээс сонсчихоод донгосч байгаа юм. Улаанбаатар хот орж эмчлүүлэнгүүт Гандангийн Чойжоо унзадаар аргалуулна гэсээр нийслэлд иржээ. Урдын танил унзад түүнийг баахан ёоз муутай харснаа,
- Даваажий минь. Чи их муухай юм хийжээ. Хурдан нутаг буц. Улаанбаатарт чинь хүнийг нутаглуулахдаа чандарладаг болсон. Энд галд хуйхлагдсанд орвол нутагтаа очиж элээ, хэрээ хоолловол хойт насандаа сайн төрлийг олно хэмээжээ. Сарын дараа Даваажий анчин нутгийнхаа наран ээвэр энгэрт ясаа амраажээ. Нүгэл нүдээрээ гэдэг л энэ байх гэж хөвсгөлчүүд ханцуй дотроо залбиран шивнэлдсээр байгаа ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.