Бага насны хүүхэд цочир уурлах нь өвчин мөн үү?
Бага насны хүүхэд гэнэт уурлаж чихний хэнгэрэг хагалах шахам чанга уйлан ээрч, бүр огиж газарт хэвтэн хөлөө дэвсэж/тийчлэн/ байдгаараа гэдийн нумарч, хажуу дахь аав ээж, ах эгчээ цохиж авах/хазах, юм авч шидэх/эвдэх зэргээр авирлах нь хэсэг хугацаанд үргэлжлэх дүр зураг танил сонсогдож байна уу?
Энэ үзэгдэл 1.5-3 насанд хамгийн их тохиолдоно. Хүүхэд бүрийн зан төлвийн онцлогоос шалтгаалан заримд нь байнга шахуу илэрч байхад заримд нь ховор тохиолдоно. 1 настай хүүхэд 7 хоногт дунджаар 8 удаа, 2 настай бол 9 удаа, 3 настай бол 6 удаа, харин 4 настай хүүхэд 5 удаа цочир уурладаг ажээ.
Бага насны хүүхдийн цочир уур нь хүүхдийн хэвийн хөгжлийн нэгэн үе шат юм. Үүнийг юуны түрүүнд хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд ямар нэг нэг асуудал байна гэж ойлгох хэрэггүй ээ.
3 хүртлэх насанд хүүхдийн хөгжил өөрийгөө үгээр илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх, бидний ярьж буйг ойлгох түвшинд хүрээгүй байдгаас ийнхүү цочир уурлах шалтгаан болдог. Хүүхэд энэ насанд биеэ (уураа) барих чадвар эзэмшээгүй байдаг бөгөөд тоглоомыг нь аваад явчихад асуудлыг яаж шийдвэрлэхээ, аав ээж нь үнэтэй тоглоом авч өгөх мөнгөгүй гэдгийг, хийжүүлсэн чихэртэй ундаа өөрийнх нь эрүүл мэндэд ямар хортойг, дийлэнх хүүхдийн эмч өвдүүлдэггүй (тариа хийх, шодойг нь хүчээр шамлах, хоолой залгиурыг нь ухах зэргээр), найрсаг ханддаг гэдгийг дэндүү бяцхан тэд яаж мэдэх билээ дээ. Тэд сэтгэл гутрал, гомдол, урам хугарах зэрэг сэтгэл хөдлөлөө одоохондоо өөрөөр илэрхийлж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүүхэд нойрмог (дутуу сэрсэн эсвэл унтах цаг нь болсон), өлссөн, ядарсан үедээ цочир уурлах илүү эрсдэлтэй гэдгийг мэддэг байвал зохино.
Хүүхдээ цочир уурлахад нь яах вэ?
• Та бол насанд хүрсэн хүн гэдгээ ойлгож аль болох тайван байна. Аав ээж нь дагаж уурлан загнаж зодох нь асуудлыг шийдвэрлэх зам огт биш харин ч байдлыг улам дордуулдаг. Иймд хүүхэддээ анхаарал хандуулахгүй хэрэггүй бөгөөд түүнтэй ярилцах гэж оролдоод ч хэрэггүй, зүгээр л орхи .
• Олон нийтийн газарт бол тухайн нөхцөл байдал, орчноос даруй холдуулах (дэлгүүрээс гарч хүнгүй газар аваачих, машиндаа суулгах, тоглоомын талбайгаас холдож явах гэх мэт), анхаарлыг нь өөр зүйлд даруй хандуулах: хараач тэнд нохой явж байна, гоё хөгжим хаанаас сонсогдож байна вэ, яасан олон хүүхэд гараад ирэв ээ гэх мэтчилэн
• Хүүхдээ тайвширсных нь дараа намуухан дуу хоолойгоор уур уцааргүйгээр түүнтэй ярилцах, дахиж ийм үйлдэл хийхгүй байхыг анхааруулах, түүнийг зэмлэх, 10 минут яг эндээ суух болно, өнөөдөр дахиад гадаа гарахгүй/хүүхэлдэйн кино үзэхгүй, амралтын өдөр өвөөгийндөө очихгүй зэргээр хөнгөн "шийтгэл” оногдуулах
Цочир уураас хэрхэн сэргийлэх/цөөрүүлэх вэ?
• Сайн зүйл хийх бүрт нь (өгсөн энгийн даалгаврыг биелүүлэх, үеийнхэнтэйгээ эв найртай тоглох, тоглоомоо хураах) олж харж тэр дор нь магтаж урамшуулах, хайртай гэдгээ хэлэх
• Хүүхэдтэйгээ явах, хийх зүйлсийг урьдчилан төлөвлөх. Эмнэлэгт үзүүлэх, ресторанд хооллох зэрэг урьдчилан цаг/ширээ захиалах зэрэг нь хүүхдийг удаан хүлээж залхаж ядарч уурлахаас сэргийлэх болно. Түүнчлэн дэлгүүр, парк явах, айлд зочлох зэрэг цагийг хүүхдийнхээ унтах цагтай давхцуулахгүй байх, гэрээсээ гарахаас өмнө түүнийг сайн хооллох
• Хүүхдийг энгийн шийдвэр гаргахад оролцуулах, өөрөөр нь сонголт хийлгэх: улаан цамцаа өмсөх үү, ногоон цамцаа өмсөх үү? Эхлээд савлуур дээр тоглох уу, гулсуур дээр тоглох уу?, ном уншиж өгөх үү, үлгэр ярьж өгөх үү? зэргээр асуугаад сонголтыг нь сайшаадаг байх
• Эцэг эх нь өөрсдөө сайн үлгэр дуурайлал байх. Аливаа асуудал тайван хандах, уурлахгүй, хэрэлдэхгүй, орилж хашгирадаггүй байх
• Хүүхдийнхээ хийж чадахгүй, түүний хүчрэхгүй "үүрэг даалгавар” өгөхгүй байх, дургүй "ажлыг нь” хийлгэхгүй байх
Доорх тохиолдолд мэдрэл сэтгэц, нийгмийн асуудал байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандаарай. Үүнд:
1. Хүүхэд 4 нас хүрсэн хэрнээ цочир уурласан хэвээр
2. Өдөрт хэд хэдэн удаа цочир уурладаг эсвэл цочир уурлах нь удаан үргэлжилдэг
3. Уурлахдаа амьсгалаа түгжих, өөрийгөө болон бусдыг өвтгөж гэмтээдэг
4. Уурлахдаа өөрийнхөө болон бусдын эд зүйлсийг эвдэж хэмхэлдэг
5. Уурласны дараа толгойн өвдөлт илэрдэг
- See more at: http://www.unen.mn/content/50822.shtml?alias=health#sthash.0P5SgB8f.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.