12 настай охин бөмбөг дэлбэлж 10 гаруй хүний аминд хүрчээ
Нигерийн Гужба хотод насанд хүрээгүй хүүхэд амиа золиосолж, бөмбөг дэлбэлсний улмаас 10 гаруй хүн амь насаа алдаж, 20 хүн шархдсан тухай "BBC” агентлаг мэдээллээ. Энэ оны эхээр Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл Гужба хотыг хяналтандаа авсан бөгөөд охид, эмэгтэйчүүдийг ашиглан халдлага үйлдэх нь нэмэгдэж байгаа аж.
Гэхдээ Боко Харам бүлэглэл уг халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. "12 орчим насны охин амиа золиосолсон. Тэр зах руу орж ирээд худалдаачдын дунд бөмбөг дэлбэлсэн” гэж хэргийн газрын ойролцоо байсан гэрч Хуссани Айсами ярьжээ. Халдлага мягмар гарагт орон нутгийн цагаар 11:00 цагийн үед гарсан байна.
Үүний өмнө, Нигерийн Майдугури хотод хоёр эмэгтэй халдлага үйлдэж, 20 хүний аминд хүрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард мөн л Майдугури хотод 10 орчим насны охин бөмбөг дэлбэлж, 19 хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.
Б.Саруул
Сэтгэгдэл байхгүй байна.