МСК 750 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгоно
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга З. Энхболдод Мянганы сорилтын компакт (МСК) гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай болон "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өчигдөр /2015.06.26/ өргөн барилаа.
Үндэсний ажлын албаны тогтвортой үйл ажиллагааг хангах, компакт гэрээг боловсруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө, санхүүжилт гаргахад МСК-ийн зүгээс 750 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.
Энэ Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ. Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зорилго нь
- Хөдөө аж ахуй,
- Барилга,
- Зам тээврийн салбарын мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулах юм.
Төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах, багш, удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулан, сургалтын хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төгсгөлд нь сануулахад МСК-ийн эхний удаад манай улсад 285 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Гол зорилго нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах байв. Энэ хүрээнд
- Эд хөрөнгийн эрх,
- Мэргэжлийн боловсрол,
- Эрүүл мэнд,
- Зам дэд бүтэц,
- Эрчим хүч ба байгаль орчин гэсэн таван гол чиглэлээр дэд төслүүд хэрэгжүүлсэн юм.
Харин өнгөрсөн оны сүүлчээр МСК-ийн ТУЗ Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээ хүлээн авах улсаар сонгожээ.