Тэгш ой тойрсон таагүй мэдээллүүд
Ардын хувьсгалын он жилүүдэд амны цаас шиг дэмий үрсэн их хөрөнгийг тооцох ямар ч боломжгүй. Мөн энэ мөнгөөр хэдэн эмнэлэг барьж, хэдэн ажлын байр бий болгох байсан тухай ч судлах аргагүй. Тиймээс өнгөрсөн жилийн наадмын төсвийг тойрч цөөн тоо бодож үзье. Өнгөрсөн жилийн хувьд 160 сум тэгш ойн баяр тэмдэглэсэн. Эдгээр сумын баяр наадмын төсвийг судалгааны байгууллага ойролцоогоор 51 тэрбум төгрөг хэмээн тооцон гаргажээ. Үүнээс үндэсний бөхийн бай шагналд нийтдээ хоёр тэрбум 550 сая төгрөг зарцуулсан байх юм. Харин энгэрийн тэмдэгт нийтдээ 127 сая 500 мянган төгрөг зарлагаджээ. Тодруулбал Булган өнгөрсөн жил аймгийн баяр наадам, сумын наадам / аймгийн төвийн наадам/ гэсэн хоёр баярыг нэг цэнгэлдэхээ долоо хоногийн дотор хийхдээ 300 гаруй сая төгрөг зарцуулсан байх юм. Энэ мэтээр тооцож үзэхээр өнгөрсөн зун бид багаар бодоход 24 дунд сургууль, 25 цэцэрлэг барих хэмжээний зардлыг задгай мөнгө шиг цацаж дуусгажээ. Итгэхгүй бол та өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлдэг Орхон аймгийг 2013 онд 217.3 сая төгрөгөөр наадсан тухай баримтыг дурын цахим хуудсаас хайлт хийгээд үзэж болно. Энэ бол ард түмний татварын мөнгө, сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн халуун сэтгэлийн хандивыг ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулдгийн тод жишээ юм.Үүний цаана маш олон сумын төв нүүрэн талын хашаануудаа өнгө ижилсүүлэн будаж, баярын талбайн дотор талд шавар нялахаас өөр олигтой зүйл хийж амжилгүй айраг цагаа, мах шөлөнд хамаг төсвөө баржээ. Үнэндээ ийм хэв шинж өмнө ч байсан. Одоо ч энэ байдал яг хэвээрээ.
Тэмдэглэлт баяраар далимдуулж Орон нутаг, Сум хөгжүүлэх санг дундлах их үйлсэд ханцуй шамлан орцгоов. Улсын хэмжээний бизнесмэнүүдээс төрөлх сумынхаа ойд зориулсан мөнгөн хандив гуйхад мэргэшив. Нийслэлд оршин суугаа уугуул иргэдээс урлагийн тоглолт гэсэн сайхан нэрээр халхавч хийж, мөнгө "сааж” гаршив. Хөрөнгө босгох зохион байгуулалттай их ажлыг орон нутгийн цөөн удирдлага төрийн ажлаас илүүд үзэв. Жирийн малчин өрхөөс багаар бодоход таваг ааруул авч байж салдаг арга барилаа уламжлал болгов. Хурааж, хуримтлулсан бүхнээ хэдхэн хүн суугаад хуваахад мэргэшив. Айл бүхэнд "Ойн тэмдэг” төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ бүхний эсрэг талд тэрбум төгрөгөөр бүтсэн нохойн хөшөөтэй, эс бөгөөс дэлхийд байхгүй шийдвэр гаргаж Халх голын хөвөөнд Шумуул гэдэг биологийн амьтанд зориулж хөшөө босголоо. Ийм өвөрмөц хийгээд ямар ч ашиг тусгүй гэнэтийн "бэлэг”-ээ сумын удирдлагууд "Ялалтад хүрэхэд энэ амьтан хамгийн их тус хүргэсэн” гэсэн тайлбар хийж, телевизээр гарахыг илүүд үзэх болов.
Үнэндээ энэ бол маш ойлгомжтой асуулт. Уг нь, Орон нутаг хөгжүүлэх сангаас хөрөнгө гаргасан, хандив тусламж гуйсан зэргээр тооцвол сумын дэд бүтэц өдийд чамлахааргүй хэмжээнд хүрэх байлаа. Ядахад л сумынхаа төвийн ойролцоо байдаг зам, гармаа аюулгүй болгож дөнгөхөөр байв. Мөн нурах дөхсөн сургууль, цэцэрлэгтээ урсгал засвар хийж, хүн эмнэлгээ өргөтгөхөд ч боломжтой хугацааг ардаа үдлээ. Улсаас төсөв гаргавал нийтийн өмчийг засварлана гэдэг сэтгэлгээгээ аль эрт халчих боломж ч хангалттай байлаа. Гэтэл ард түмний нийтийн мөнгийг ингэж хайр гамгүй зарж, цалгиасны дараа аймгийн төв, сумын баяр наадмын талбайн эргэн тойрны дүр зураг ямаршуу болж үлддэг тухай ярихын ч хэрэггүй болжээ. Маш товчхондоо ийм байдал руу орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хангалттай хол түлхжээ. Гэтэл бодит байдал дээр овоолж үзвэл овоо толгод шиг болохоор их хэмжээний хог, согтууруулах ундааны савнаас өөр юу ч үлддэггүй Монгол наадам, тэгш ойн баяр хэвээрээ л байна. Ядахад хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэртэй сум өнөөгийн Монгол Улсад алга.
Сумын заан цолны үнэмлэхийг суудлын машинаар "тулдаг” болсон сайхан цаг үед, үгүй бол үрээ түрүүлүүлж, үүцээ дүүргэдэг том хөөрөгтнүүдийн эрэн үед энэ бол бас л хэн бүхэнд ойлгомжтой асуулт. Тиймгүйсэн бол төрийн наадмын түрүү бөхийн тааварт нэр нь "дэвшиж” яваа шилдэг харчуул тэмдэглэлт ойн тавын давааг гэтэлж чадахгүй олноор өнхрөх байсан нь эргэлзээтэй. Гал уяагаараа нийлж, багаар бодоход 3-5 машины тэвш дүүрэн морь ачиж, газрын холыг ганц нэг алхмаар барах байсан гэдэг нь ч эргэлзээтэй. Мөн наадмын талбайдаа будаг нялахаас өөр бүтээн байгуулалт хийж амжаагүй байтал наадмын төсөв нь алга болчихдог байдал бүр ч эргэлзээтэй. Гэсэн атлаа сумын иргэдээс "босгосон” хөрөнгийг нь хамжиж халаасандаа хийчихээд, хүний урманд хүмүүнлэгийн үйл хийсэн түүх бүр ч эргэлзээтэй...
Сэтгэгдэл байхгүй байна.