Алжаал тайлах яруу найраг: Нэргүй шүлэг
Энэ удаагийн "Алжаал тайлах яруу найраг”-ын хоромдоо яруу найрагч Б.Лхагвадорж "Нэргүй шүлэг”-ийг орууллаа. (Хүнд хоёрхон зам бий, нэг нь муу нөгөөх нь муу ч байж магадгүй...)
Өр өвдөх зүрхний гэрэлт шаналан дундуур
Өөрийгөө хайж өчнөөн ч жил тэнэв дээ
Зоргоороо аашлах цаг хугацааг бусдад бэлэглээд
Зовлонг зовлон дотроос нь хайдаггүй араншинтай үлдлээ
Өвс ногоо ургаж гандахыг үзэж дасаад
Өглөө үдшийн салхинаар бурхдын дэргэд нутагшлаа
Хуурын аялгуу мэт дорнын говь шаргалтаад
Хутагт хүн мэндэлсэн
"Шувуун шанд" хөхөртөөд
Миний хувь тавилангаа бүтээсэн
Хээр тал минь хэвээр байна
Явдал үймээнт цагийн хөлөөс тасарсан
Бүүр түүрхэн баярын совин төрөх
Зөөлөн анирт ганцаардал байна
Яруу найраг уйтгартай санагдахад
Бүсгүй хүн зураг зурж суух
Гэгээн догдлолт ертөнц байна
Хундага харших, бүсгүй хүн инээх
Бурхдын тоглосон хөгжим байх
Хоёр өнчин зөрөөд өнгөрөх
Амьдралын сонгодог галбир байх
Гуних минь тунгалагхан өнгөтэй болоод
Хайрлах минь ч цагийн хязгааргүй настай л
Жаргах нарны туяа үүрийн гэгээ учир
Жаргалын дундаас жаргалыг би эрдэггүй ээ