Г.Дэнзэн хорих ангид өлсгөлөн зарлажээ
ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлажээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай цагдан хорьж, улмаар дахин хоёр сараар сунгасан байдаг.
Г.Дэнзэнгийн хоригдох хугацаа энэ сарын 4-нд буюу өнгөрсөн мягмар гаригт дууссан ч түүний хоригдох хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан тул тэрбээр өлсгөлөн зарлах хүсэлтээ ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудад хүргүүлжээ. Хэдийгээр хорих ангийн дарга болон эмч нарын зүгээс түүнийг өлсгөлөн зарлаж болохгүй гэж мэдэгдсэн ч Г.Дэнзэн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Тэрбээр эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй. Учир нь элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушигны удамшлын сүрьеэтэй байсан гэнэ. Иймд өлсгөлөн зарлаж болохгүй хэмээн хорих ангийн эмч, удирдлагууд анхааруулсан ч тэрбээр өлсгөлөн зарлаж байгаа аж. Түүнийг мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэж үзэн ийнхүү хоригдох хугацааг сунгасан байна.
Г.Дэнзэнг эхнэрийнхээ "Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр тэрбээр "Надад Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. "Говь повер” гэдэг компани надад байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.
Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3- зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
www.zaluu.com