Ж.Батзандан “Тариаланч хүн үр тариагаа барьцаалан зээл авах боломж нээгдэнэ”

0

УИХ-ын хаврын чуулганаар "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийг баталж 9 сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Энэ хуулийн үзэл баримтлал, ач холбогдол, онцлог шинэлэг заалтууд болон жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдэд ямар боломж нээгдэх талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандантай ярилцлаа.

- Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг бий болгох үндсэн шалтгаан нь юу байв?

- Манай Иргэний хуулийн зохицуулалтаар хууль буюу гэрээндээ заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийгулсын бүртгэлд бүртгүүлж болно гэсэн байдаг. Гэвч улсын бүртгэлд өнөөдрийг болтол энэ төрлийн бүртгэл маш цөөхөн байгаа. 2014 он хүртэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл нийтдээ 37 удаа хийгдсэн байна. Гэтэл нийгэмд энэ бүртгэлийн хэрэгцээ маш их байгаа. Учир нь хөдлөх эд хөрөнгөд газраас салгаж болдог бүхий л хөрөнгө ордог. Иргэд үүнийгээ ашиглан банкнаас зээл авах боломжийг хайж байна. Компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн нөөц төдийгүй хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг хайж байна. Банкууд ч гэсэн зохицуулалт нь тодорхой байх юм бол хувьцаа болон эргэлтийн хөрөнгийг барьцаалаад зээл олгох боломжтой гэдэг.Энэ хуулийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтцийг сайжруулах юм.

- Энэ хуулийн зарим онцлог зохицуулалтыг тодорхой жишээгээр тайлбарлаж өгнө үү?

- Хамгийн гол нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай энгийн системийг бий болгох эрх зүйн үндсийг тавьж өгч байгаа. Энэ хуулинд яг ямар хөрөнгийг бүртгэж болох вэ гэдэг хүрээгээ тодорхой оруулж, барьцааны мэдэгдлийн бүртгэл, барьцааны баталгаажилт, барьцааны эрх хэрэгжүүлэх дараалал, давуу эрхийн зохицуулалтыгнарийн тусгаж өгсөн. Зарим төрлийн онцлог барьцааны зохицуулалтыг тусгайлан оруулсан. Жишээ нь мал, тэжээвэр амьтан, шаардах эрх барьцаалсан тохиолдолд барьцааны эрх хэрэгжүүлэхдээ хэрхэх вэ гэдгийг ялгамжтай зохицуулж өгсөн.

Зарим төрлийн мэдээллийг нээлттэй болгож байна. Барьцаанд тавигдсан хөрөнгийн талаарх мэдээллийг интернэтээс хайж болно гэдэг бол шинэлэг зүйл юм л даа. Хөдлөх хөрөнгө гэдэг бол насжилт богинотой, элэгдэл хорогдол түргэн, нэг удаагийн хэрэглээний эсвэл олон удаа хэрэглэгдэх гэх мэт онцлогтой. Иймээс ийм хөрөнгийг барьцаалан зээл өгөхөд учрах эрсдэлийг нь зохих хэмжээнд зохицуулж өгч байж энэ төрлийн хөрөнгийн эргэлт сайжирч, барьцаат зээлийн нийлүүлэлт зах зээлд ихсэнэ.Тухайлбал тариаланч хүн хавар тариа тарихдаа ирээдүйд ургах тариагаа барьцаалаад зээл авчихсан байлаа гэж үзье.Гэтэл хураах үед дахин зээл авах хэрэг гарлаа. Дахин зээл авах хэрэгцээ үүсчихлээ гэхэд өнөөдрийн нөхцөлд тэр тариаг нь барьцаалан зээл олгохуу. Мөнгөө буцаан авах магадлал бага учир мэдээж зээл олгохгүй. Тэгвэл энэ хуулиар энэхүү нөхцөлд зээл олгогдоно. Учир нь барьцаагаа баталгаажуулчихсан бол үр тарианы хувьд сүүлийн зээлдүүлэгч буюу барьцаалагч давуу эрх эдлэхээр байгаа.

Мөн барьцааны мэдэгдлийн бүртгэл болон баталгаажилт, дарааллын асуудал энэ хуулийн хамгийн онцлог ач холбогдолтой хэсэг юм. Эзэмшил болон бүртгэлийн аль алинаар нь барьцаа баталгаажна. Энэ хоёр баталгаажилт давхардсан нөхцөлд аль түрүүлж баталгаажуулсан цаг хугацааны дарааллаар барьцааны эрхээ хэрэгжүүлнэ. Жишээ нь бүртгэлд бүртгүүлээд баталгаажуулчихсан хэрнээ өөр хүнд давхар барьцаалагдчихсан, өөрөөр хэлбэл өөр хүний эзэмшилд барьцаанд байгаа тохиолдол гарвал яах вэ гэсэн асуудал дээр эзэмшилд бүртгэлээс түрүүлж авсан гэдгээ нотолсон тохиолдолд эзэмшилийн барьцаа дарааллын хувьд өмнө нь орно.

- Бүртгэлийг ямар газраас хийх вэ, иргэд хаанаас бүртгэлийг харах боломжтой вэ?

- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийгбүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим мэдээллийн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгоно. Бүртгэлийн байгууллага нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байна. Мөн цахим мэдээллийн санд бүртгэсэн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн талаарх статистик мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргах бөгөөд цахим мэдээллийн сан нь улсын хэмжээнд нэгдсэн, нийтэд нээлттэй байх юм.

- Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь ээ?

- Мэдээж эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болно. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдэнд зээлийн санхүүжилтийн боломж нэмэгдэх, хөрөнгийн эргэлтийг сайжруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа.

Мөндалд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгалыг ил болгоход зохих үүргийг гүйцэтгэнэ. Банк санхүүгийн байгууллагууд хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зэх зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр зээлийн хүү буурахад нөлөөлнө. Ер нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлнэ. Барьцааны бүртгэлийн энгийн, нээлттэй, цахим систем нэвтэрнэ. Мөн иргэдэд чирэгдэл багатай тогтолцоог бий болно гэж харж байна.

- Харин хувиараа бизнес эрхлэгч иргэдэд хэрхэн нөлөөлөх бол?

- Зарим компаниас их хэмжээний хөрөнгөтэй хувиараа эрхлэх аж ахуй эрхэлдэг иргэд байдаг. Тэдэнд зээлийн том боломж, шугам нээгдэнэ. Энгийн худалдан авагчид худалдаж авах гэж байгаа хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд байна уу гэдгээ хянаад явах боломж нээгдэнэ. Энэ хөдлөх хөрөнгийн бүртгэл ганцхан гэрээний үндсэн дээр үүсэж байгаа барьцааг биш, хуульд заасан үндэслэлээр үүсэж байгаабарьцааны зохицуулалт хүртэл орсон учраас маш өргөн хүрээнд үйлчлэх боломжтой хууль юм.

Ярилцсан Г.Билгүүн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.