Зургаан сайдын суудал сонгуулийн мөнгө босгох наймаа болчихов уу
Мэдэгдэл шидэлцэх шалтгаан бусдын нүдээр бол тун өчүүхэн. Засгийн газрын зургаахан сайдыг томилох гэж манай нам эвслүүд, УИХ-ын гишүүд 20 хоног сэтгэлээ чилээж, хил дамжин зөвлөгөө тусламж гуйж аргаа барцгааж байна. УИХ-д ард түмнийг төлөөлж суугаа 76 хүн зургаахан хүнийг сайдаар суулгаж чадахгүй аргаа бараад нэг намын даргаас хил дамжиж тусламж гуйсан гэхээр л өмнөөс нь "бөгс улайх” шиг. Гурван сая хүн амтай улсаас зургаан хүнийг сайдаар суулгахын тулд ийм олон өдрийг, энэ их үнэтэй цаг хугацааг зарцуулах гэж байх уу, таминь ээ.
Хэвлэлийн төлөөлөгчөөрөө мэдэгдэл хийлгэж, хариу албан тоот хэвлэлээр дамжуулан шидэлцэж, хэрэлдэж уралцах хүртлээ асуудал даамжирчихлаа. Сайдад санал болгосныг нь нэг нь голдог, эсвэл шантааж хийдэг шидийн үзэгдлийг тэд харуулж байна. Тэр тусмаа нэг намын хоёр хүн. Энэ ганцхан өнөөдөр болж байгаа үзэгдэл биш. Парламент, Засгийн газар гэдэг хоёр тусдаа байгууллага нэг эхийн ихэр хүүхэд шиг ханьсах болсон олон жилийн гажиг тогтолцооны хар гай өнөөдөр ийнхүү гарч байгаа хэрэг. Ерөнхий сайд нь бүрэн эрхээ ойлгохгүй, Ерөнхийлөгч нь эрхээ эдэлж чадахгүй, хууль тогтоох байгууллага нь хүчний байгууллагаас ялгарахгүй болсон гажуудал өнгөрсөн 25 жил энэ төрийг жинхэнэ утгаар нь самарсан.
Цаашдаа самрах нь тодорхой. Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлэхээс өөр ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр тусмаа Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй. Ажлаа явуулна аа, сайдуудаа томилно оо гээд хатуухан мэдэгдэл хийчихнэ. Тэр нь хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүдэд таалагдахгүй бол маргааш нь өөрөө суудлаасаа буух тийм л хувь тавилантай. Засгийн газрын сайдаа явуулахгүй гэж зүтгэвэл өөрийг нь суудлаас нь буулгачихдаг дарангуйлал дунд ажлаа явуулна. Ерөнхийлөгчид баталсан хуульд хориг тавихаас өөр овойж товойх эрх мэдэл алга. Тавьсан хоригийг нь УИХ хүлээж авах шаардлагагүй учраас тэр нь бэлэг тэмдэг төдийхөн. Тэгэхээр хаадын хаад, хамгийг захирагчид бол УИХ-ын гишүүд байсан, цаашдаа ч энэ хэвээр байх нь. Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг шиг парламентыг захирах зүйл одоогоор энэ төрд алга байна.
Тэднийг сонгосон ард түмэн ч хариуцлага ярьж чадахгүй. Хууль ч тэдэнд үйлчлэхгүй. Харин сайдад бол УИХ өөрөө үйлчилнэ. Тэд хууль батлахаас гадна Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, огцруулах, дэд сайд нарыг томилох, Ерөнхийлөгч, Засгийн газрын хуулийг унагах, унагахгүй байх эрх мэдэлтэй. УИХ-ын 19 гишүүний гарын үсгээр л Засгийн газрын хувь заяа ганхдаг, улс төрийн тогтворгүй байдал үүсдэг гажиг тогтолцоо 25 жил энэ улсыг хөгжүүлсэнгүй. Энэ тогтолцооны үр дүнд бид 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар үзэж, хэдэн 100 сайдуудыг халж солилоо. Намд бас надад таалагдах сайд байх ёстой гэсэн улстөрчдийн шахалт дарамтын үр дүнд өнөөдөр зургаан сайдаа томилчихож чадахгүй хэрэлдсээр сууна. Хошин шог, эмгэнэл гэхээс өөр яалтай. Улс төрийн намууд өрөө өрөөндөө дуудалцан хор найруулж, улс төрийн ашиг хонжоо өгөө авааг ярилцсаар 20 гаруй хоночихлоо.
Танхимын зургаан сайд байтугай 76 гишүүнийг сонгочихоор цаг хугацаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлсэн, ургац хураалт тариалангийн ажил эхэлсэн, зам завсар, барилгын зээл зэрэг түм буман ажил хүлээгдсэн энэ үед дэндүү хайран хоногууд. Хөрөнгө оруулагчдыг хулжаах хөгийн улс төр энэ төрд үргэлжилсээр. Хуулийн хугацаагаар бол Засгийн газрын сайдыг огцруулж, чөлөөлснөөс хойш 30 хоногийн хугацаанд дараагийн сайдын нэрийг өргөн мэдүүлэх учиртай. Өргөн мэдүүлэх эрхийг Ерөнхий сайд эдэлдэг.
Одоогоор энэ эрх нь намууд тэр дундаа УИХ-ын гишүүдэд байгаа учраас Ерөнхий сайд өөрийн багаа бүрдүүлж, ажил хийх сайд томилж чадахгүй сууж байгаа юм. Ажил гацаасан, өршөөлийн хууль батлуулж буян үйлдсэн, намдаа тэрбум төгрөг бэлэглэсэн хүмүүс л сайд болох учраас Ч.Сайханбилэг сайд сайн баг бүрдүүлнэ, сайд хийж чадах хүн танхимдаа оруулна гэж зөрүүдлээд нэмэргүй гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдал харууллаа. Аргаа барахдаа намууд ажил хийлгэхгүй байна гэж мэдэгдэл хийгээд ч тусыг эс олов. Ажил хийх сайдыг бус албан тушаал эрх мэдэлд оччихоод эргээд ачийг нь хариулах хүнийг намаас, фракциасаа эрж хайн улс төрийн намууд хугацаа алдсаар байна.
Ажил хийх гэсэн хүн биш аль нэг нам фракцийн томилгооны гал хөл болсон улстөрчид сайдын суудалд суудаг гэдэг нь худлаа биш. Хэрвээ хүслээр нь хөдлөхгүй бол тэр суудлаасаа огцорно. Өөрийг нь томилж явуулсан улстөрчдийн хүслийг биелүүлэх, эсвэл гар хөлний үзүүрт зарагдаж, өлсөхөд нь өлсч үнэнчээр зүтгэсэн хүмүүст энэ суудал шагнал хэлбэрээр очдог болсныг өнөөдөр яригдаж байгаа элдвийн таамгууд батлан харуулж байгаа. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаахан сарын хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд тэгтлээ сайн ажиллах хүн олох гэж ийм их хугацаа зарцуулж байна гэсэн үлгэр ярихгүй гэж итгэе. Ингэж ярихаасаа ичнэ гэж найдъя.
Төрийн ажил явдгаараа явж байгаа. Бодлого нь тодорхой яаманд очиж зургаан сарын хугацаанд "суудал бөглөх” сайдын ажлыг захын нэг төрийн албан хаагч хийчихнэ. Зургаан сарын хугацаанд овойж оцойтол ажил хийгээд гийгүүлэх боломж гарахгүй. Нэг бодлогыг батлуулах гэж ямар их хугацаа зарцуулдаг, нэг замын ажил эхлүүлээд тэр нь ажил болох гэж хэр уддаг вэ гэдгийг ард түмэн мэдэхтэйгээ байгаа. Ажил хийх хүнд дөрвөн жил үнэхээр бага хугацаа. Харин албан тушаалд дурлаж байгаа хүмүүст зургаан сар ч чухал учраас тэрбум тэрбумаар нь мөнгө шидэж, Ерөнхий сайдыгаа шантаажилж суугаа хэрэг бус уу.
Ажилласан намтар дээрээ сайдаар ажиллаж байсан гэдэг үг бичүүлэх гэж ингэтлээ улайраагүй нь лавтай. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сайдаар сууж мөнгө хийх гэж улайрч байгаагаа энэ суудалд санаархсан улстөрчид өөрсдөө батлаад өгчихлөө. Үнэхээр л шударга, ажил хийх гэсэн улстөрч бол энэ хугацаа чинь надад багадна. Би дараагийн удаа очно оо гэж хэлэх биз. Өмнө нь ажиллаж байсан, бодлогоо эхлүүлээд явж байсан сайд хийчих чадвартай МАХН, АН-д зөндөө байгаа. Үнэхээр л хүн олдохгүй байгаа бол тэднийг эргээд томилоод ажиллуулчих. Н.Алтанхуягийг нь унагсанаас биш ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог сайдуудыг огцруулаагүй байлтай. Хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажил нь өдөр бүр нүдэнд харагдаж гарт баригдаж байсан сайдууд чамгүй олон байсан. Тэднийг томилчих.
Ажлаа дуусга, амлалтаа биелүүл гээд явуулчих. Үүн шиг амархан зүйл алга. Харин тийм хүсэлгүй байгаа нь зургаан сарын сайдууд улс төрийн намуудад ямар чухал гэдгийг харуулж байгаа юм. Булаацалдах буй салбар нь тэдэнд ямар их ашиг өгөх нь ч бас тодорхой байна.
Б.Өнөртогтох
Сэтгэгдэл байхгүй байна.