БАЙРНЫ 10 ХУВЬ ДАРААГИЙН САЙД ДЭЭР Ч ҮРГЭЛЖЛЭХ ЁСТОЙ
Уг нь МАН-ын зургаан сайдыг юу ч хийж, бүтээгээгүйгийнх нь төлөө огцруулсан бол илүү бодитой сонсогдох байлаа. Гэтэл энэ зургаан сайд сайн, муу ажилласандаа биш, улс төрийн зорилгоор МАН-ын зургаан сайдыг огцруулж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр байнгын хорооны хурал дээр хэлэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч чуулган дээр "МАН-ын сайд нар муу биш сайн ажилласан" гэлээ. Тэрээр "МАН-ын зургаан сайд өөрсдийнхөө хүрээнд үүргээ биелүүлсэн. Үлдсэн 13 сайд ч бас өөрийнхөө хэмжээнд сайн ажиллаж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хэмжээнд сайн ажиллаж байсан зургаан сайдаа Ерөнхий сайд өөрөө өргөн бариад огцруулчихлаа.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг танхимаар нь огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулаад найман сар болж буй. Гэтэл найман сарын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зургаан сайдыг огцруулах асуудлыг оруулж, өчигдөр холбогдох байнгын хороо, УИХ дээр хэлэлцэж сайд нарыг ажлаас нь чөлөөллөө.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн өөрийнхөө хэмжээнд сайн ажилласан сайд нар өнгөрсөн найман сарын хугацаанд юу бүтээв. Найман сар гэдэг ажил дүгнэх, ажлын үр дүн шууд гарах хугацаа биш л дээ. Гэхдээ ч бас бага хугацаа биш. МАН-ын зургаан сайд дунд үлдсэн 13 сайдаас ялгарч, тэднээс сайн ажилласан хүн бий .
Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, Зам тээврийн сайдаар ажилласан Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын хувьд сайн, муу нь харагдаагүй ч үүргээ сайн биелүүлсэн гэж Ерөнхий сайд дүгнэсэн.
Харин Сангийн сайдаар ажилласан Ж.Эрдэнэбатыг сайд болоход АН төдийгүй МАН-ынхан дотор ч эсэргүүцэх хүн цөөнгүй байсан. Гэхдээ Ж.Эрдэнэбат сайд өнгөрсөн найман сарын хугацаанд хамгийн сайн ажилласан сайдын тоонд орно. Таван төсөвтэй явж байсан Монгол Улсыг нэг төсөвтэй болгоход гар бие оролцсон. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, Монгол Улс гадаад, дотоодоос авсан өрөө юунд зарцуулж, өрөө ямар эх үүсвэрээр хэрхэн төлөхийг хуульчилсан. Сүүлд төсвөөс хөрөнгө оруулалтаа авч чадахгүй байгаа компаниудад вексель бичиж санхүүжилтийг нь олгох шийдвэрийг гаргасан юм.
"МАН-ын зургаан сайдаас нэг хүнийг нь аваад үлдчихмээр байна ” гэж олон хүн ярьж байна. АН-ынхан дотор ч тэгж ярьж байх юм. Энэ нь Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар гэнэ. Гэхдээ ингэж ярьж байгаа нь Д.Цогтбаатар гэдэг хувь хүндээ биш түүний хэрэгжүүлсэн бодлогодоо байгаа юм. Барилга хот байгуулалтын сайдыг бодлоготой нь огцруулчих вий гэсэндээ "Д.Цогтбаатарыг аваад үлдчихмээр байна ” гэсэн яриа гарсан болов уу.
Эдийн засаг хүнд байгаа энэ үед Барилга хот байгуулалтын яам салбартаа, иргэддээ хүрч чадсан бодлогыг хэрэгжүүлж чадсан. Иргэд 30 хувийн урьдчилгаа төлж биш 10 хувийн урьдчилгаа төлж байрны зээлд хамрагдах ажлыг эхлүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн долдугаар сард 10 хувийн урьдчилгаатай зээлийг эхлүүлэх бүх шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан гэдгийг Д.Цогтбаатар огцрохоосоо өмнө хэлсэн. Арван хувийн урьдчилгаатай байрны зээл бол иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэр байсан . Харин бусад сайд нар дунд байрны 10 хувийн урьдчилгаа шиг хүндээ хүрсэн шийдвэр байгаагүй юм. Тиймээс 10 хувийн урьдчилгаатай зээл дараагийн сайд дээр ч үргэлжлэх ёстой юм.