Урвагчдад хатуухан өөрчлөлт хийгдэх үү
Сөрөг хүчний улс төржилт багатай, АН-ын фракциудын хэрүүлгүй тавхан хоногийн хугацаанд баталсан энэхүү шийдвэр цаашид улстөрд шинэ жишиг тогтоож өгсөн гэхэд ч буруудахгүй. Асуудлаа зөв тодорхойлж, нам доторх хэрүүл маргаанаа "хөшигний ард” хурдан хугацаанд ойлголцож чадвал хэлэлцэх асуудлаар хэрэлдэж, завсарлага авч, улс төр хийх шаардлагагүй гэдгийг батлан харуулж чадлаа. АН ч энэ удаад фракцийн зөрчил, эрх ашиг гэхээс илүүтэй улс орны хөгжил, урагшаа явж байх ёстой бүтээн байгуулалтад анхаарал хандуулсан нь сайшаалтай. Нам шиг нам, эрх баригч шиг асуудалд хандаж чадлаа гэж дүгнэхэд буруудахгүй. Одоо дараагийн асуудал болох сайдуудын томилгоог ч ингэж шийдмээр байгаа юм. Намууд дотооддоо асуудлаа ярилцаж, харилцан бие биедээ буулт хийж чадвал сайдуудын томилгоог элдвийн улстөржилтгүй шийдэгдэнэ.
Ерөнхий сайдын бүрэн эрх, эрх барьж байгаа намын дотооддоо шийдэх асуудал учраас сөрөг хүчин энд хөндлөнгөөс оролцох нь инээдэмтэй харагдаж байна. МАН-ын бүлэг өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр нэгтгэсэн яамдуудын сайдуудыг гаднаас шинээр оруулж ирэх ёстой гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Улс төрд удаан "чанагдсан” зангарагтай намын гишүүдийн амнаас гарамгүй үг. Эхлүүлсэн ажлын үр дүн, хоёр жил тогоонд нь буцлах, олж авсан туршлага гэдэг ямар чухал болохыг МАН-ын туршлагатай гишүүд хамгийн сайн мэдэж байгаа. Хоёр жил хийсэн ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах уу, эсвэл шинэхэн салбарын сайд томилогдон дахиад танилцах гэж хоёр жил болох уу гэдэг сонголтын аль нь зөв болохыг ч тэд мэднэ. Гэтэл улс төрийн тоглолт, шантааж хийх гэсэн явуургүй үйлдлээс болж шинэ сайд томил гэсэн мэдэгдэл гаргаж суугаа нь хариуцлагагүй асуудал боллоо. Ерөнхий сайд фракцийн тохироо, хуваасан квотын тоогоо хадгалж үлдэхийн тулд чармайж байна. Гэвч тохирооноос илүүтэй мэргэшсэн, хариуцсан салбараа хоёр жилд танигдахгүй өөр болгож чадсан сайдуудыг хуучнаар нь үлдээх нь илүү чухал. Н.Батбаярт хэрвээ Гадаад харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааг хариуцуулах шийдвэр гаргавал шинэ бүтцийн үр дүн ямар ч ач холбогдолгүй болох юм. Харин хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэх боломжийг нь олгож Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд ажиллуулах нь илүү үр дүнтэй томилгоо болох учиртай. Зам тээвэр, Барилга хот байгуулалтыг салгаж Ц.Баярсайхан, А.Гансүх нар удирдахдаа танигдахгүй болтол нь өөрчилж чадсан. Тэдний эхлүүлсэн ажил ч чамгүй олон байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Баярсайхан сайд суудлаасаа албан ёсоор татгалзаж МоАХ фракци сайдын суудлаа хадгалж үлдэж байна. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн бүлгийн дарга нарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу сайдуудын суудал бүгд л хөдөлгөөнд орж гаднаас томилж мэдэх нь.
Тэр дундаа МоАХ фракцийн нэрээр сайдын суудалд оччихоод өөр фракцид тал засах болсон Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Лу.Болд нарын суудлыг эргүүлэн авч, фракцийн томилгоог хийх нь гэсэн бор шувуу ч үнэний ортой гэх. Ерөнхийлөгчийн зоримог мэдэгддийн цаана энэ мэт фракциудын зөрчилтэй асуудал нуугдаж байгаа сурагтай. Уул уурхай уналтад орсон алдаа мадгийг засч залруулсан хүн бол Д.Ганхуяг сайд. Засгийн газарт амжилттай ажилласан эдгээр сайдуудыг буулгана, фракци, эвсэлтэй хийсэн гэрээгээ баримтална гэсэн явуургүй улстөржилт огт хэрэггүй. Тэр дундаа "Шударга ёс” эвсэл энэ асуудалд хүлээцтэй хандах учиртай. Үнэхээр л Шинэчлэлийн Засгийн газрын нэгэн эд эс болж яваа улс төрийн хүчин мөн бол асуудалд хүлээцтэй хандаж даргыгаа сайд болгох гэж зүтгэхээс илүүтэй эхлүүлсэн ажлаа дуусга хэмээн урам өгөөд хуучин сайдыг нь ажиллуулах байв. Гэтэл намын даргадаа суудал авч өгөхийн тулд улаан цагаан мэдэгдэл хийж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр бялууны зарчмаа яриад сууж байна, гишүүд нь.
Г.Уянга гишүүн байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газарт хамтарч ажиллах гэрээ байгаа шүү хэмээсэн бол Шадар сайд Д.Тэрбишдагва дөрвөн квотоо хадгалж үлдэнэ хэмээн байр сууриа илэрхийлжээ. Харин М.Сономпил сайд асуудалд хүлээцтэй хандана. Шинэ хүн оруулж ирэх бол хүлээж авна гэх утгатай ярилцлга өгсөн нь М.Энхсайхан даргад суудлаа өгнө гэсэнтэй агаар нэг дуулдаж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам гэж Монгол Улсын мөнгөний бодлого, санхүүг атгасан яамаа "Шударга ёс” эвсэлд, Ч.Улаан сайдад өгчихөөд байхад, улам даварч, "шунахайран” Үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний яамыг авна гэж зүтгэх нь энэ улс төрийн хүчинг төлөвшиж амжаагүй гэдгийг батлан харууллаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, аливаа асуудлаар хоёр тал харилцан буулт хийх гэж тэд эвссэн гэж ойлгодог. Гэтэл албан тушаал, эрх мэдэл л эвсэлд чухал бололтой. Засгийн газарт олдсон хэдэн суудлаа хэрхэн хамгаалах, тэндээс юу хожих вэ гэдэг нь чухал болохоос улс орны хөгжил хаашаа явах, мэргэшсэн сайд, мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулж салбараа хөгжүүлэх эсэх нь огт хамаагүй юм байна.
Энэ мэт олон зөрчилтэй асуудал байна. Танхимын сайдуудаа гаднаас оруулж ирэх үү, эсвэл хуучин сайдуудаа үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Аль нэг фракци, нам улс төрийн хүчний нөлөөнд автахгүйгээр, өөрөө хамтарч ажиллах итгэл хүлээлгэх хүмүүсээрээ салбараа удирдуулах нь Ерөнхий сайдад өөрт ньашигтай. Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа хэвийн явагдах эсэх нь Ерөнхий сайдын л мэдэх асуудал учраас МАН мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгч үүрэгдлээ гээд асуудал даамжраад байхгүй болов уу. Хуучин сайдуудаа ажиллуулах, шинэ хүмүүс оруулж ирэн "танилцах дадлага” хийлгэх үү гэдгээ Н.Алтанхуяг сайд хэнээр ч заалгахгүй хийчих биз ээ. Тиймээс одоо хүлээх л үлдлээ. Ирэх өдрүүдэд улстөрд юм юм л болох нь. Гагцхүү ард түмэнд халгүй байгаасай.
Б.Өнөртогтох