MCS-ийн Ухаахудагчдын холбогдсон ZTE-ийн хэрэг гэгч яагаад замхрав
ZTE гэдэг нэр монголчуудад танил болоод удаж байна. Улирч үлдсэн түүхийн хуудсыг сөхөж харахад Өмнөд хөршийн төрийн өмчит ZTE компани манай улсад анх 2004 онд албан ёсоор төлөөлөгчийн газраа байгуулснаар тус компани болон Монгол төрийн түшээдийн харилцаа эхэлсэн гэхэд болно. Энэ харилцаа нь харин зөв зүйл байв уу. Аль эсвэл үгүй юу гэдэг анхаарал татахуйц асуудал юм.
Учир нь тус компани дэлхийн хэмжээнд тун нэр хүнд багатай. Ялангуяа барууны орнуудад. Юуны өмнө ZTE компанийн талаарх товч танилцуулгыг хүргэе. БНХАУ-ын Сансар огторгуйн технологи үйлдвэрлэлийн яам, "Chung Cheng”, "Yunxing” компани хамтран дэлхийд зартай "Zhongxing Telecom” ZTE корпорацийг анх 1985 онд байгуулсан байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жил харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ZTE ямар үйл ажиллагаа явуулдаг вэ
ZTE компани дэлхийн хэмжээнд харилцаа холбооны бүхий л салбарт хүч үздэг. Тэр ч утгаараа техник технологоороо дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх том аж ахуйн нэгж. Гэвч тус компанитай холбоотой муу мэдээ нь сайнаасаа элбэг байдаг. АНУ тэргүүтэй барууны орнууд болонЭнэтхэг, Иран гээд олон томоохон улс орнууд ZTE-г тагнуулын байгууллага хэмээн хүлээж авдаг. Хятадын харилцаа холбооны төрийн өмчит "ZTE”, "Huawei” компаниуд бусад улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэн дэлхий даяар хориглож эхлээд байна.
Тодруулбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хороо БНХАУ-ын дээрх хоёр компаниудтай холбоотойгоор нэг жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтынхаа талаар тайлан гаргалаа. Тайлан АНУ-ын эдийн засгийн нөлөө бүхий сонин болох "THE WALL STREET JOURNAL”-д бүрэн эхээрээ хэвлэгдсэн нь дэлхий дахинд дуулиан тарьсан. Уг тайланд "ZTE”, "Huawei” компаниуд АНУ-ын компаниудын оюуны өмчийг хулгайлсан төдийгүй АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулдаг тухай өгүүлсэн юм. Хамгийн гол нь, тайлангаар ноцтой гэгдэх олон тооны баримтыг дэлгэсэн бөгөөд "ZTE”, "Huawei” комдпани нь Хятадын Засгийн газарт кибэр дайны нэгжийн үйлчилгээ үзүүлж, өөр улс орныг чагнаж тагнадаг хэмээн үзсэн.
АНУ-ын компани, иргэдийг чагнан тагнаж байгаа тул эдгээр компанийн үйл ажиллагаанд хориг тавих, хяналт тогтоож шалгах, төрийн байгууллагууд тоног төхөөрөмжийг нь ашиглахгүй байх, хувийн компаниуд эдгээр компанитай хамтран ажиллахаа татгалзах, Хятадын компаниуд АНУ-ын харилцаа холбооны зах зээлд нэвтрэхийг оролдож буй нь эрсдэлтэй гэж үзэх тухай зөвлөмж гаргасан байна. "ZTE”, "Huawei” бол цахилгаан холбооны төхөөрөмж нийлүүлдэг БНХАУ-ын үндсэн хоёр компани юм. "ZTE” компани Алжир, Кени, Норвеги, Филиппинд шударга бусаар өрсөлдсөн, тендер будлиантуулж авилга өгсөн хэрэг мандуулж байжээ.
Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авилга өгсөн нь баримтаар нотлогдсон тухай энэ сонинд бичжээ. Ийм хэрэгт холбогдсон Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв. Ираны Засгийн газар "ZTE” компаниас төхөөрөмж худалдаж авах гэрээ байгуулсан ч уг төхөөрөмж нь газар доорх утсан сүлжээ болон үүрэн телефон, интернет холбоо зэрэг холбооны хэрэгслүүдэд хяналт тавих, ярьж байгаа хүний байрлалыг илрүүлэх, яриаг нь сонсох, таслах, цахим шуудан, чатыг унших, интернетэд холбогдсон вэб хуудасны мэдээлэлд задлан шинжлэл хийх гээд иргэдийн хувийн нууцад халдах чадалтай байсан тул олон улсын хүний эрхийн байгууллагуудын шахалтаар уг гэрээгээ зогсоожээ. ZTE гэгч компанийн талаарх олон улсын байр суурь болон нэр хүндийн цар хүрээг хүргэхэд ийм байна.
ZTE үнэхээр тагнаж чагнадаг бол манай улсад нууц зүйл гэж байхгүй
Дэлхийн олон орон тус компанийг тагнаж чагнадаг, авилга хээл хахуультай холбоотой гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь хорьсон байдаг. Харин манайд бол эсрэгээрээ. Улсын онцгой объектээс нь авахуулаад гар утас, интернэтийн бүхий л сүлжээ нь тус компанитай холбогдоно. Тодруулбал, Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд, интернет с үлжээний компаниудын дийлэнх нь тус компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хамгийн олон хэрэглэгчидтэй "Мобиком” компанийн дамжуулалт, холболтын зарим хэсэг "ZTE”, "Huawei” компанийн төхөөрөмж дээр суурилсан, Скайтелийн үүрэн телефон хэрэглэгчдийн холболтын станц "ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилсан бол Юнителийн холболт, дамжуулалтын хэсгийн цөөн хувь нь "Huawei” компанийн төхөөрөмж, "G-mobile”-ийн сүлжээ 100 хувь ZTE компанийн төхөөрөмж дээр суурилдаг байгаа юм.
Дээрээс нь Монголын цахилгаан холбоо компани мөн л дээрх хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын холбоо мэдээллийн салбарт Япон, БНСУ, Нидерландын компаниуд хөрөнгө оруулалт хийж, харин технологийн хувьд "ZTE” , "Huawei” компаниудаас бүрэн хараат байгаа юм.
Манай улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг "Railcom”, "Skynet”, "Mobinet”, ”Magicnet”, "Citinet”, "Micom” компаниуд ялгаагүй БНХАУ-ын "ZTE” , "Huawei” компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг. Үүнээс үзэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл асар өндөр байгаа
Тендер будилуулдаг ZTE ба тэдэнд туслагч улстөрчид
Дээр дурьдсанчлан тус компани манай оронтой 2004 оноос эхэлж холбогдсон. ZTE Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа 2004 онд байгуулжээ. Харин 2009 онд ZTE ХХК болон өргөжин, Монголд "дэлхийд танигдсан хамгийн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, сүлжээний шийдлүүдийг нийлүүлж эхэлсэн” гэх түүхтэй. Гэхдээ тэд төлөөлөгчийн газартай байхдаа л Монголын мэдээллийн технологийг бараг тэр чигт нь "базаж” эхэлсэн ажээ.
Иран, Филлипин гэх зэрэг орнуудаас авахуулаад тус компанитай холбоотой авилга хээл хахууль болон тендерийн элдэв маргаан огт тасардаггүй. Манай улстай ч гэсэн холбоотой элдэв маргаан байдаг ба хамгийн хачирхалтай нь тэр маргаантай асуудлууд ор мөргүй алга болдог. Нам жим болдог. Үүнтэй нь манай улсын нөлөө бүхий улстөрчид холбоо байдаг талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд сонин хэвлэлээр бишгүйдээ л гарсан. Тодруулбал, "Нүүрсний нам”-ынхан ZTE-тэй бүр нарийн холбоотой байдаг гэнэ. Энэ нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Мөнхоргил, Б.Цогтбаатар, Ё.Отгонбаяр тэргүүтэй С.Баяр, Сү Батболд нарын хүмүүс аж.Ч.Сайханбилэгийг МШХХГ-ын даргаар ажиллаж байх үед дээрх компани 15 сая долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан нь шүүхээр нотлогдсон. Харин эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл "ZTE” хууль зөрчсөн торгуулиа төлөөгүй байгаа аж.
Тус компани АТГ-т авилга өгсөн болон татварын асуудлаар шалгагдаж байсан. Тендерийн будилаантай холбоотой мэдээллээс хүргэхэд 2011 онд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн "Шинэ зууны боловсрол” гэх 40 сая ам.долларын өртөгтэй төсөлд ZTE компани ногоон гэрлээр ялж дуулиан тарив.Тендерт Haier компани өрсөлдсөн боловч ZTE-ийн удирдлагууд тендер будилуулж ялсан нь баримтаар нотлогдсон байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд төсөл шалгаруулалтад бүдэрсэн Haier компанийн Монгол дахь төлөөлөгч дараа жил нь буюу 2012 онд ZTE компанийнхан тендерийг будилуулсан тухай 30 гаруй хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн аж.
Тэдний гомдолд 40 сая ам.долларын өртөгтэй тендерт ZTE компанийнхан 46 сая ам.доллар, Haier компанийн зүгээс 36 сая 200 мянган ам.долларын санал гаргасан талаарх баримтууд байсан аж.
Нийслэлийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд хууль зөрчсөнийг нь тогтоосон аж. Ингэснээр шүүхээс дээрх "Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад тоног төхөөрөмж нийлүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтын "Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох” тухай 5/1541 дүгээр албан бичгүүдийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж байв. Тухайн үед боловсролын салбарын сайдаас Ё.Отгонбаяр ажиллаж байсан билээ. 2013 онд Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхтэй сүлбэлдэн татвараас зайлсхийсэн хэрэг нь илрэв. ZTE-ээс тэрбум төгрөгийг Ч.Гансүхийн данс рүү шилжүүлсэн тухай баримт бий гэнэ. ZTE компани нь 2004, 2005, 2006 онд үйл ажилллагаа явуулсан ч ашиг орлогоо нууж байсныг Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар илрүүлж удаа дараагийн шалгалтаар акт тавьсан боловч 1.3 сая ам.долларын торгуулиас мултарч үлдсэн байдаг аж.
Ингэснээр дээрх гэмт үйлдлүүд нь илэрсэн байхад тус компанитай одоог болтол ямар нэгэн байдлаар хариуцлага тооцохгүй явна. ZTE-ийн хэргүүд яагаад ч юм бүү мэд учир битүүлгээр замхамрч үгүй болдог. Үүнтэй магадгүй дээр дурьдагдсан улс төрчид илүү нарийн холбоотой ч байж болзошгүй юм.
Г.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.