Монголыг тагнаж байгаа гэх Хятадын ”ZTE”-гийн эрх ашгийг Ч.Сайханбилэг, А.Мөнхбат нар хамгаалдаг уу?
Анх ZTE Монголд 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулж, үүрэн телефоны оператор "Skytel” компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн "G-mobile”-ийн сүлжээ энэ компаний төхөөрөмж дээр 100 хувь суурилдаг юм. Монголын зах зээлд анх орж ирэхдээ л Засгийн газарт 2 сая долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авч байсан. Хэл ам гарч байсан ч тухайн үед Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байсан Ч.Сайханбилэг өмөөрөөд авч үлдэж байжээ. Тэрбээр "Манай оператор компаниуд уналтад ороод нэг минут нь нэг цент болчихсон байсан. "ZTE"-ийн төхөөрөмжийг тавьснаар урсгал нь хяналтад орж, доод үнэ нь найман цент болж ашиг нь нэмэгдсэн. Хувийн хэвшлийнхэнд ч энэ ашигтай хувилбар байсан учраас бүгд дэмжсэн” гэж байсныг хэвлэлийн хуудсууд сануулж байна. Түүнийг МШХХГ-ын даргаар ажиллаж байх үед дээрх компани 15 сая долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан нь шүүхээр нотлогдсон. Харин эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл "ZTE” хууль зөрчсөн торгуулиа төлөөгүй байгаа аж.
Ч.Сайханбилгийг УИХ-ын гишүүн болсны дараа МШХХГ-ын дарга болсон А.Мөнхбат ч мөн энэ Хятадын компаний талд үйлчлэх болсон гэж салбарынхан нь ярьж байна. А.Мөнхбат УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн ч Засгийн газраас зарласан тендерт "ZTE”-г шалгаруулалтгүй зүтгүүлэх эрх мэдэлтэй гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.
Хэрэв цуурхал гэхэд үгүйсгэхэд хэцүү, үнэн баримт гэж нотлоход цаг хугацаа шаардах энэ яриа үнэн бол Монгол улсын аюулгүй байдал ацан шалаанд орчихоод байна. Засгин газрын хурал цуглаан, та бидий ярьж байгаа үг бүрийг урд хөршийнхөн сонсож байгааг үгүйсгэхгүй. Хятадын цэргийн байгууллагаас үүдэлтэй гэх, тагнадаг, туршдаг гэх бас авлигал өгдөг гэх "ZTE”-ийн эрх ашгийг Ч.Сайханбилэг, А.Мөнхбат хамгаалдаг бол яах вэ? Монголын харилцаа холбооны салбар хөгжиж байна, цаашид ч өргөжинө. Тэр үед харилцаа, холбооны асуудлаа Хятадын "найдваргүй” гэсэн тодотголтой болоод байгаа "ZTE”-д хариуцуулсаар байх уу?
24tsag.mn