Хүн нэрээ тогос өдөө
Цахим хуудсаар "46 сая толгой малтай, стратегийн 40 гаруй орд газартай, 1.5 сая орчим км газар нутагтай бүхий ийм баян нутагт гуравхан сая хүнийг ядуу амьдруулна гэдэг асар том ухаан” хэмээн жиргэсэн нь эрхгүй анхаарал татах аж. Хэдийгээр наргиан мэт боловч яах аргагүй л үнэн үг. Ийм их баялагтаа атлаа бид яагаад ядуу амьдардаг юм бэ гэж бодохоор эрхгүй л энэ төрд суугаа 76 хүний ухааныг гайхахаас өөр аргагүй.
Бас тэднийг сонгож буй өөрсдийгөө зэмлэхээс өөр аргагүй. Монголчууд хэзээ ч Африк шиг баялгийн хараалд өртөж, өлсгөлөнгөөр туйлдаж үхэхгүй хэмээн "зөрүүдлэх” нэгэн бий. Мэдээж миний хувьд ч үүнтэй санал нэг байна. Яаж ч ядарлаа гээд бид баялаг хангайнхаа буян хишгээс хүртээд өл залгаад явах боломжтой хүмүүс. 46 сая мал маань байгалийн цас, зуданд сүйдчихгүй л бол уул уурхай дампуурсан ч улсаа хэдэн жил тэжээчих малтай улс орон. Тэглээ гээд бид дандаа хөгжлөөс хоёр алхам хойно яваад байгаа нь энэ төрд суугаа хүмүүсийн ухаан зөв явахгүй байгааг харуулж байгаа хэрэг биш үү.
Гурван сая хүнийг дотор нь хуваагаад үзэхээр нэг сая орчим нь ид хийж бүтээх хөдөлмөрийн насны хүмүүс. Тэр сая хүн л сардаа гурван сая төгрөгийн цалин авчихдаг бол үлдсэн хоёр саяд багтаж буй ахмадууд, хүүхдүүдээ сайхан амьдруулаад явчих боломжтой. Харамсалтай нь хөдөлмөрийн насны залуус маань харь нутагт хөлсөө урсган шал угааж байна. Гутлын резин хадаж, байцаа түүж суух жишээний. Хоёрхон сая төгрөгийн цалингийн төлөө тэд эх нутаг, элгэн садан, энхрий үрсээсээ хол хүний нутагт үйлээ үзэж, үсээ зулгааж байгаа нь худлаа биш. Бүр болоогүй хулгай дээрэм хийж амьдралаа залгуулж байгаа мэдээлэл өдөр болгон л цахим хуудаснаа гарч нүүр улайлгах нь ичмээр.
БНСУ-д хараар ажиллаж амьдарч байсан хоёр монгол бүсгүй томоохон дэлгүүрээс хулгай хийж буй бичлэг өчигдөр Солонгосын "KBS-2” сувгаар цацагдав. Бүр дэлгүүрийн дохиололд ажиллахгүй байх тусгай төхөөрөмж бүхий цүнхтэй хэдэн сая төгрөгийн үнэ бүхий хувцас хулгайлсан гэх. Удаа дараагийн үйлдэлтэй, Монгол Улсаас зөвхөн хулгай хийх гэж ирдэг байсан тухай ч тус Күрү дүүргийн цагдаагийн албан хаагчид мэдээлэв. Үнэнийг хэлэхэд ийм төрлийн хэрэг Солонгост гарахад дандаа л манайхан нэр холбогддог нь худлаа биш. Унадаг дугуй, утсаа алдчихаад ЖиПиЭс-ийг нь ажиллуулахад манайд ажиллаж байдаг тухай яриа ч тэнд гардаг аж. Бүр монгол иргэн гэхээр л уурлаж дэлгүүртээ оруулахгүй, хоолны газраасаа хөөж туудаг тохиолдлыг ч өөрийн биеэр мэдэрсэн.
Монголчууд архи уухаараа зодолддог, ширээ сандал эвддэг, эсвэл бараа хулгайлдаг гэх тайлбар өмнөөс өгөх аж. Энэ ганцхан Солонгос улсад ч гарсан тохиолдол биш. Цаашлаад хамгийн хатуу хуультай урд хөршид ч хулгайн хэрэгт монголчууд нэр холбогдож байсан. Улаан-Үүдэд мөн л ийм хэрэг гардаг гэнэ. Хүн нэрээ тогос өдөө гэж бидний өвөг дээдэс зүгээр ч нэг хэлчихээгүй. Хулгай, дээрмийг хамгийн хатуу хуулиар шийтгэж байсан Чингис хааны үр сад орчин цагт хулгайч гэдгээрээ улс дамжин цоллуулах хэрэг үү, монголчууд аа. Монгол орныг сонирхох гэж ирээд утас түрийвчээ алдах тохиолдол жуулчдад олон тохиолддог. Бүр алдартай од хүний гар утсыг хүртэл "туучихсан” гэнэ билээ.
Цаг зуурын ашгийн төлөө улсынхаа нэрийг бузарлаж, мөрөөрөө ажиллаж амьдарч яваа бусаддаа гай чирэх хэрэг байна уу. Бидэнд дутуу зүйл олон бий. Хангалуун тансаг амьдрал мөрөөдөл хэвээр байна. Тэглээ гээд хулгай хийж амьдарна гэдэг цөстэй хөөртэй, хөх толбот монголчуудын хийдэг ажил биш баймаар. Хүний нутаг гүний хошуунд өөрийн цус нэгт ах дүүсээ хүртэл луйвардаж амьдарлаа гээд таньд тэр хоол болох нь юу л бол. Буруу замаар ирсэн зүйл буруу замаараа л гардаг. Хулгайн гэмт хэрэг нэг л өдөр илчлэгддэг. Тиймээс насан туршдаа хулгайч гэх нэр зүүхийг хүсээгүй л бол бусдын халаас руу битгий дахиж өнгийгөөч гэж элэг нэгт ахан дүүсээсээ хүсэх байна. Хүний нутагт нэрээ хичээж явахсан.
Сэтгэгдэл байхгүй байна.