Монголын давхар цохилт: Одоо ган, дараа нь зуд
Америкийн "Ройтерс” агентлаг "Монголын давхар цохилт: Одоо ган, дараа нь зуд” гэх нийтлэлийг цахим хуудаснаа байршуулжээ. Энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Бичсэн: Террена Эдвард
Улаанбаатар хот. 2015 оны есдүгээр сарын 2. Балчигийн Балжинням хотын ойролцоо цөөхөн мал маллаж амьдардаг билээ. Тэрбээр "энэ өвөл өмнө нь болж байгаагүй хатуу өвөл болно” хэмээн таамаглаж, зуд болохоос урьдчилан сэргийлж, үнээнүүддээ саравч бэлдэж эхэлсэн байна. Энэ зун хэт халсны улмаас бэлчээр сүйдэж, малчин Балжиннямын мал сайн тарга тэвээрэг авч чадаагүйгээс гадна тэрбээр хангалттай сайн хадлан хурааж чадаагүй аж.
Балжиннямаас гадна олон зуун малчин энэ өвөл давхар цохилтод өртөх эрсдэлтэй юм. Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өссөн ч энэ нь зөвхөн уул уурхайн салбарт бөгөөд дэлхийн хаана ч байхгүй эдийн засгийн том өсөлт эргүүлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, иргэдийн нуруунд дарамт учруулж эхэлжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэх болсон байна.
Тус улсын хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ уналтад орж эхэлсэн. Монголчууд ургацынхаа 80 хувийг алдаад зогсохгүй, тус улсад сүүлийн зургаан жил тохиогоогүй хүйтэн өвөл энэ жил болох гэж байна. Зуд болвол мал аж ахуй түшиглэсэн энэ улсад хүнд цохилт болох нь тодорхой юм.
Өнгөрсөн 2009-2010 оны зуднаар Монгол нийт малынхаа 20 хувийг алдсан хэмээн Дэлхийн Банк мэдээлсэн билээ. Б.Балжиннямын суурингийн ойролцоо буюу Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт 110 орчим км-ийн зайд орших өөр нэгэн фермийн эзэн Д.Ариунболд "Энэ бол ган гачиг биш. Энэ бол гамшиг” гэж мэдэгджээ. Тэрбээр улаан буудайн тариалангийнхаа 40 гаруй хувийг алдсан бөгөөд энэ хувь өсөх хандлагатай байгааг хэлсэн байна.
Монголд хэт халуун зун болсны дараа зуд болдог. Улаанбаатар хотноо байрлах тус улсын Цаг уурын хүрээлэнгээс "энэ сарын 10-аас ихэнх нутгаар цочир хүйтрэх болно” гэж мэдээлжээ. Улаанбаатар дахь Дэлхийн Банкны ажилтан Э.Бадарч "Энэ зуны хүнд ган гачигийн дараа зуд болж болзошгүй, ялангуяа хойд болон зүүн зүгийн нутгуудад зуд болох өндөр магадлалтай байна” гэж хэлжээ.
Зудаас урьтаж тус улсын Засгийн газар дотоодын хэрэгцээгээ хангахын тулд энэ сараас улаан буудай, махны экспортод хориг тавихаар шийдвэрлэсэн аж.
Засгийн газар зудаас урдчилан сэргийлж буй ч малчид хүйтэн өвлөөс урьтаж малаа нядалж, махаа худалдаалах болсон байна.Энэ зун малчид малын тэжээлээ сайн хурааж чадаагүй учир зуданд хэдэн малаа алдахгүйн тулд худалдаж эхэлжээ. Цаг уур, эдийн засгийн хямралаас болж малчдын амьдрал өдрөөс өдөрт доройтож буйг Б.Балжинням мэдэгдэв.
"Ройтерс” агентлагт гарсан дээрх нийтлэл дэлхийн 20 гаруй хэвлэлд нийтлэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.